Онцгой байдлын албаны алба хаагчид өнөөдөр Гэрлэх ёслолын ордонд хуримын ёслолоо хийж гал голомтоо бадраалаа.
Олон Улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан алба хаагчдын насан туршид нь үл мартагдах нандин дурсамжийг бүтээх зорилгоор нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, нийслэлийн Онцгой байдлын газар, Гэрлэх ёслолын ордон хамтран хуримын ёслолын арга хэмжээг энэ жил уламжлал болгон зохион байгуулсан юм.
Гэрлэх ёслолын хүндэтгэлийн ажиллагааны үеэр Онцгой байдлын ерөнхий газрын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням, НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Г.Галбадрах, "Гэрлэх ёслолын ордон"-ны захирал Ү.Оюунзул нар гал голомтоо бадрааж буй хосуудад баяр хүргэж, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүслээ.
Тус арга хэмжээнд Онцгой байдлын ерөнхий газрын харъяа 09, 111, 113, 119, 123, 185 дугаар анги, нийслэлийн Онцгой байдлын газрын Баянзүрх, Багануур, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн арван дөрвөн алба хаагч гэрлэх ёслолоо хийж гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамт олон найз, нөхөдтэйгөө аз жаргалтай, баярт мөчөө хуваалцлаа.