“UB food" фестивалийн үеэр Хотын дарга Х.Нямбаатарын биед халдсан О, И нарыг 100 мянган төгрөгөөр торгожээ

“UB food" фестивалийн үеэр Хотын дарга Х.Нямбаатарын биед халдсан О, И нарыг 100 мянган төгрөгөөр торгожээ

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 15.2 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3-т зааснаар шийтгэл оногдуулах саналтай тус шүүхэд ирүүлсэн зөрчилд холбогдогч Ж.О, О.И нарт холбогдох 2509001042 дугаартай хэргийг 2025 оны 05 сарын 14-ний өдөр хянан хэлэлцжээ.

Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “Олон нийтийн газарт бусдыг хэрүүл маргаан үүсгэж”, 1.4-т “Олон нийтийг үл хүндэтгэж”, 15.2 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3-т “Хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа төрийн албан хаагчийг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн” гэж заасан.

Зөрчлийн хэргийн материалаас үзвэл 2025 оны 04 сарын 08-ны өдөр  Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг Сүхбаатарын талбайд болсон “UB food festival-2025” үйл ажиллагаатай танилцаж байх үеэр Ж.О, О.И нар нь  “түүнтэй уулзана” гэх шалтгаанаар асар дотор байсан иргэдийн дунд хэрүүл маргаан үүсгэж, лайв хийж, дэг журмыг сахиулах гэсэн цагдаагийн албан хаагчийг эсэргүүцэж маргалдсан үйл баримт болсон байна.

Энэ үйл баримт нь цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул хариуцлага тооцох үндэслэлтэй гэж дүгнэж Ж.О, О.И нарт Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 15.2 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3-т зааснаар тус бүрийг 100.000 төгрөгөөр шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.