Бөхчүүдийн шинжилгээгээр биеэс нь допингийн төрлийн бодис илэрвэл Дэлхийн допингийн эсрэг байгууллагын дүрмээр шийтгэл оногдуулах ёстой байдаг аж. Гэвч манай улсын хувьд допинг илэрсэн бөхчүүдэд "WADA"-гийн нэг стандартын дагуу бус харилцан адилгүй 11 сараас 4 жилийн хүртэлх хугацаагаар хасаж байгаа учир “WADA”-гаас тамирчдын эрх ашиг хөндөгдөж байгаа талаар болон бичигдсэн дүрмийн дагуу тамирчдыг шийтгэж байх шаардлагыг МҮБХ-нд хүргүүлсэн байж магадгүй байна.
Монголын Үндэсний бөхийн тамирчдаас намар, өвөл, улиралд допингийн явцын шинжилгээ буюу түүврийн аргаар болон заал, танхимын барилдаан үзүүр, түрүү, шөвгөрсөн бөхчүүдээс тогтмол авдаг болсон. Мөн үүн дээр нэмэгдээд цэргийн наадам, аймгуудын наадам, Улсын наадам гэх мэт цол олгох барилдаануудад шөвгөрсөн бөхчүүд Дэлхийн допингийн эсрэг байгууллагын /WADA/ стандартын дагуу шинжилгээнд хамрагддаг.
Допинг бол үндэсний бөхийн ч гэлтгүй дэлхий дахины бүх спортын “шүдний өвчин” болоод удаж байна. Допинг хэрэглэсэн тамирчдыг шийтгэх нь хамгийн зөв ч манай улсын үндэсний бөхийн хувьд ямар шалтгаанаар гэдэг нь тодорхойгүй харилцан адилгүй шийтгэл оногдуулдгаас гадна шүүхийн шийдвэрээр цолыг нь буцаан олгохоор болсон, барилдах эрх сэргэсэн байхад л жилдээ ганцхан болдог наадмаар ямар нэгэн шалтаг хэлээд барилдуулдаггүй, цолыг олгодоггүй гээд бөхчүүдийн эрх ашгийн хөндөж байгаа хэд хэдэн тохиолдлууд байдаг. Эдгээр шалтгаанаас үүдэн “WADA” шаардлага хүргүүлж байж магадгүй байгаа юм.
“Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн 18.2-т “Бөх, сурын харваач, холбогдох үндэсний спортын холбоо Дэлхийн допингийн эсрэг дүрэм, эсхүл Допингийн эсрэг үндэсний дүрмийг тамирчны нэгэн адил дагаж мөрдөнө” хэмээсэн байдаг бол тус хуулийн 18.4-т “Бөх болон сурын харваач допингийн төрлийн бодис хэрэглэсэн бол Үндэсний их баяр наадамд барилдах бөх, сурын харваачийн харвах эрхийг энэ хуулийн 18.2-т заасан дүрмийн дагуу хасна” гэж заасан байдаг.

Харин WADA-гийн 2021 оны Дэлхийн допингийн эсрэг дагуу санаатайгаар хориотой бодис илэрсэн тохиолдолд 4 жил, санамсаргүйгээр буюу эрүүл мэндийн шалтгаантай ч эм, тарианы мэдээлэл дутуугаас шалтгаалан мэдэлгүйгээр хориотой бодис хэрэглэсэн гэдгээ нотолбол 2 жил, допингийн бодис, худалдаалах, бусдад нийлүүлсэн тохиолдолд 4 жилээс бүх насаар бүх шатны тэмцээнд оролцох эрхийг нь хасдаг. Гэхдээ эдгээр нь үндсэн дүрэм бөгөөд хэргийн нөхцөл, шүүхийн шийдвэрээр өөрчлөгдөх боломжтой байдаг.
-“WADA” ЯМАР ШАЛТГААНААР ШААРДЛАГА ХҮРГҮҮЛСЭН БАЙЖ МАГАДГҮЙ ВЭ-
Яг одоогийн нөхцөлд “WADA” шаардлага хүргүүлэх болсон шалтгаан нь байж магадгүй хоёр бөхийн тохиолдол байна.
Нэгт, аймгийн арслан Б.Бат-Оршихийн тохиолдлыг товчхо тайлбарлавал, Б.Бат-Оршиход А сорьцыг танилцуулаагүй, Б сорьц өгөх боломж олгоогүй байж цолыг нь хураасан, таван жилийн дараа А сорьцтойгоо танилцахад өөрийнх нь биеэс ялгарсан бодис байсан бөгөөд Спортын Арбитрын шүүхээс цолыг нь сэргээх шийдвэр гарсан ч хэрэгжихгүй байсан тул Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж дахин цол сэргээх шийдвэр гарсан хэдий ч одоог хүртэл түүний цолыг олгоогүй байгаа юм. Дэлгэрэнгүй ЭНД дарж уншина уу.


Хоёрдугаарт, Аймгийн хурц арслан Н.Өсөхбаярын тохиолдол. Түүнээс 2025 оны Үндэсний баяр наадмын дараа допингийн бодис биеэс нь илэрсэн учир барилдах эрхээ хасуулж, цолоо хураалгасан. Уг асуудлаар Монголын Олон Улсын ба Үндэсний Спортын Арбитрын Дэргэдэх Допингийн давж заалдах комисст хандсан байдаг. Харин тус маргаан бүтэн жил дамнаж Арбитрын хурал энэ оны тавдугаар сарын 11-нд болж Н.Өсөхбаяраас допингийн шинжилгээ авахдаа Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага олон улсын жишгээс илт гажсан хэмээн дүгнэсэн. Ийнхүү түүний барилдах эрх 2026 оны тавдугаар сард сэргэсэн гэсэн үг. Гэвч үнэхээр шүүхийн шийдвэр түүнийг цагаатгаж “Допингийн зөрчилгүй” хэмээн үзсэн байхад цолыг нь хураасан. Барилдах эрх нь шүүхийн шийдвэрээр сэргэсэн байхад 2026 оны Улсын наадмаар барилдуулаагүй гээд тодорхойгүй зүйлс олон байгаа юм.