Ой, хээрийн болон обьектын түймрийн нөхцөл байдлын талаар УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, "Сэлэнгэ аймгийн Ерөө сум Буурагчин 2 дугаар баг "Хан-Хэнтий" тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 10:40 цагт гарсан ойн гал түймрийг унтраахаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамданаар ахлуулсан Онцгой байдлын байгууллагын 175 алба хаагч,14 автомашин, 319 гал түймэр унтраах багаж хэрэгсэлтэй, мэргэжлийн ангийн 44 хүн, 10 автомашин, нийт 219 хүн, 24 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Тус түймрийн урд, зүүн, зүүн урд талыг бүрэн унтрааж, баруун хойд талыг цурамд оруулан, түймрийн баруун талд 5км орчим газрыг цурамд оруулахаар ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 11915 га талбай өртсөн" гэлээ.