“Замын-Үүд” чөлөөт бүсэд газар олгосон албан тушаалтнуудыг АТГ-аас шалгаж байгаа талаарх мэдээлэл үе үе гардаг ч асуудал тэгэсхийгээд намжиж, сураг алдардаг.
Тэгвэл энэ удаад мөн л энэ талаарх мэдээлэл цацагдаж эхэллээ. Тодруулбал, “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагч асан А.Энхзулыг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл гараад буй. Уг мэдээллийг АТГ-ын эх сурвалжаас тодруулахад "Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагч асан А.Энхзулыг шалгаж байгаа нь үнэн" гэдгийг тодотголоо. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг "“Замын-Үүд” чөлөөт бүсэд хууль зөрчиж газар олгож, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон, хахууль авсан байж болзошгүй" хэмээн шалгаж байгаа аж.
А.Энхзул нь "Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчаар 2021-2022 онд ажиллаж байсан бөгөөд уг албан тушаалыг хашиж байхдаа 16 аж ахуйн нэгж, компанид газар олгосон байна.
Тухайлбал,
- Ди Эйч Эл глобал форвардинг монгол-50000м2
- Пологоулд-12000м2
- Марта мед чөлөөт бүс-10000м2
- Бат хангайн зүүн сүлжээ-10000м2
- Арвин ачит-10000м2 гэх мэтээр газар олгосон байна.
Эргэн сануулахад, Одоогоос гурван жил өмнө /2022.06/ АТГ нэр бүхий иргэний "А.Энхзул үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй" гэх гомдлыг шалгаж байсан бөгөөд улмаар хэргийг хааж байсан юм.