Эмчилгээний хандив, тусламж хүссэн хүүхдүүдийн зургийг ашиглан 2500 орчим хүнээс мөнгө залилсан байж болзошгүй үйлдлийг Цагдаагийн байгууллага шалгаж байна.
Хүнд өвчтэй, яаралтай хагалгаанд орох шаардлагатай тул бусдаас эмчилгээний зардал хандив өгөхийг хүссэн хүүхдүүдийн ар гэрийнхний байршуулсан зар мэдээллийг ашиглан, 2024 оны 11-р сараас энэ оны 4-р сар хүртэлх хугацаанд 2500 гаруй хүнээс 5000-аас 500 мянга хүртэлх төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан этгээдийн үйлдлийг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Дээрх үйлдлийг хийсэн этгээд нь фэйсбүүкт шинэ хаяг үүсгэж, тухайн хаягууддаа өвчтэй хүүхдүүдийн мэдээллийг байршуулж, мэдээллээ төв, орон нутгийн олон дагагчтай хуудсуудад байршуулж, иргэдээс богино хугацаанд их хэмжээний мөнгө төвлөрүүлжээ.
Шалгалтын явцад урьдчилсан байдлаар тухайн этгээд нь иргэдийн хандивын мөнгөөр олон улсын цахим мөрийтэй тоглоом 1Хbet тоглосон нь тогтоогдоод байна. Тиймээс хандив, тусламж хүссэн зар мэдээллийг нягталсны дараа мөнгөө шилжүүлэхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.