Иргэн Д.Мөнх-Эрдэнэ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-ний /2025.04.29/ өдөр "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалантай уулзаж, шууд дамжуулалт хийх үеэрээ маргаан үүсгэж, эцэст нь хоёр биеийнхээ биед халдсан байдаг.
Улмаар тухайн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байсан юм. Тодруулбал, иргэн Д.Мөнх-Эрдэнэ болон "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан нарыг Зөрчлийн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу танхайрах, 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг буюу хүний биед халдах гэсэн зүйл заалтаар холбогдогчоор тооцож, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байсан билээ.
Тэгвэл тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусаад хэргийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Харин тус хэргийг шүүх хурал одоогоор товлогдоогүй байгаа аж.
Шүүхээс иргэн Д.Мөнх-Эрдэнэ болон "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан нарыг зөрчлийн тухай хууль зөрчсөн гэдгийг тогтоовол 30 хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах юм.
Учир нь, Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл /Танхайрах/-ийн 1-д "Олон нийтийн газарт, эсхүл орон байранд:
- 1.1.хэрүүл маргаан үүсгэж;
- 1.2.бусдыг өдөөн хатгаж;
- 1.3.бусдын амгалан тайван байдал алдагдуулж;
- 1.4.олон нийтийг үл хүндэтгэж;
- 1.5.үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
Мөн хуулийн 5.3 дугаар зүйл /Хүний биед халдах/-ийн 1-д "Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заажээ.