Өнөөдөр 08:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний урд замд ачааны тээврийн хэрэгсэл авто замын барилга байгууламж буюу хашлага мөргөн, эвдрэл учруулж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан.
Тээврийн цагдаагийн албанаас шалгалтын ажиллагаа явуулж, тээврийн хэрэгслийн улсын дугаар болон жолоочийг олж тогтоосон. Ослын газарт нөхөн үзлэг хийж, хариуцлагын арга хэмжээг тогтоох шалгалт хийж байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна. Түүнчлэн Тээврийн цагдаагийн албанаас иргэдийн гомдол мэдээллийн дагуу тавдугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот руу нэвтэрч буй том оврын тээврийн хэрэгслийг шалган зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн жолооч нарт Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 47 дахь хэсэгт зааснаар торгуулийн арга хэмжээ авч ажилласан байна.
Шалгалтын явцад том оврын тээврийн хэрэгсэлтэй жолооч нар замын хөдөлгөөнд оролцох үедээ тээврийн хэрэгслийн жин тонн хэтрүүлсэн, зам, замын байгууламжид эвдрэл үүсгэсэн, хучлагагүй ачаа тээвэрлэж, замын зорчих хэсэг бохирдуулсан, замын зорчих хэсгээр шороо болон зуурмаг асгасан зэрэг зөрчил илэрснийг арилгуулсан байна.