Төв цэнгэлдэх хүрээлэнгийн удирдлагууд өнгөрөгч гуравдугаар сарын 23-нд Монгол Улсад байгалийн амьд зүлэг тарих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг туршлагатай компаниудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, тус хүрээлэнд байгалийн амьд зүлэг тарих боломж, нөхцөлийн талаар санал солилцсон байдаг. Учир нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хиймэл зүлгээс болж өнгөрсөн жилийн наадмаар олон бөх бэртсэн. Мөн хиймэл зүлгээс эвгүй үнэр үнэртэж, халтирдаг учраас олон аж ахуй нэгжүүд өөрсдийн тарьж ургуулсан амьд зүлгээ Төв цэнгэлдэх хүрээлэнд санал болгожээ.
-ДОТООДЫН АЖ АХУЙН НЭГЖҮҮД АМЬД ЗҮЛЭГ НИЙЛҮҮЛЭХ ҮНИЙН САНАЛАА ХҮРГҮҮЛСЭН Ч АЛБАН ЁСООР ХАРИУ ӨГӨӨГҮЙ БАЙНА-
Тухайлбал, “Хашаандаа сайхан амьдрая” ТББ-ын тэргүүн Ц.Түмэнбаяр “Төв цэнгэлдэх хүрээлэн биднээс амьд зүлэг нийлүүлэх үнийн саналаа ирүүл гэсэн. Бид өөрсдийн боломжит үнийг танилцуулсан. Гэвч одоо хүртэл албан ёсны тодорхой хариу ирүүлээгүй байна. Хотын дарга өнгөрсөн долоо хоногт хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөхдөө буцаад хиймэл зүлэг тавихаар болсон гэж ярьсан байсан” гэв. Харин “Свебу Хаус” компанийн захирал Б.Хишигдорж ярихдаа, “Бид хиймэл зүлгийг бодвол гурав дахин хямд үнээр өөрсдийн тарьж ургуулсан амьд зүлгийг нийлүүлэх санал тавьсан. Ойролцоогоор 700 сая төгрөг болно. Амьд зүлэгний арчилгааг бид 3-5 жил хариуцья гэсэн. Хүмүүс амьд зүлэг тарихад оройтсон гэж бодоод байгаа. Бид өмнө жил тарьж бэхжүүлсэн зүлгээ өнөө жил нов ногооноор нь авчирч дэвсэнэ. Энэ ажлыг 14-21 хоногт хийх боломжтой” гэж ярив.
-ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН НААДМЫН БЭЛТГЭЛ АЖИЛД ЗОРИУЛЖ 759 САЯ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ-
Баяр наадам ойртсон энэ өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн олон төрлийн арга хэмжээ, тоглолтуудыг цементэн шалтай хүлээн авч эхлээд байна. Хотын дарга Х.Нямбаатар “Энэ жил дахиад хиймэл зүлэг дэвсэхээр болсон” гэх мэдээлэл өгсөн тул Төв цэнгэлдэх хүрээлэнд хичнээн төгрөгийн өртөгтэй тендер зарлаж хиймэл зүлэг тавих гэж байгаа талаар бид сурвалжилсан юм. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүгээс Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилд зориулж есөн тендер зарласан байв. Тодруулбал “Сагсны талбайн орчим ногоон байгууламж хийх” ажилд 148 сая төгрөг, “Явган зам болон сул шороотой хэсгийг бетоноор хучих” ажилд 133 сая, “00 засварын ажилд” 200 сая, “UV зар сурталчилгааны самбар нэмэх” ажилд 196 сая гэх мэтээр нийт 759 сая төгрөгийн тендерт ажил зарлажээ. Харин Төв цэнгэлдэх хүрээлэнд амьд эсвэл хиймэл зүлэг нийлүүлэх талаар зарласан тендер байхгүй байлаа.
-ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР НОДНИН ДЭВССЭН ХИЙМЭЛ ЗҮЛГИЙГ БУЦААГААД ДЭВСЭХ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ-
Энэ талаар бид Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас тодруулахад “Хотын дарга Х.Нямбаатар ноднин дэвссэн хиймэл зүлгийг буцаагаад дэвсэх шийдвэр гаргасан. Хиймэл зүлгийг халтирч гулгахаас сэргийлэх тал дээр анхаарч ажиллана” гэлээ. Харин “Төв цэнгэлдэх хүрээлэн”-ийн захирал Ж.Энхжаргалан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хуучин зүлгээ хуулчихсан. Одоо зүлэг тойрсон усны хаялгын шугам хоолойг сайжруулахаар ажиллаж байна. Ямар зүлэг сонгохыг бид биш, нийслэл мэднэ” гэдэг хариулт өгсөн байна.