Ирэх амралтын өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдахыг хориглох шийдвэр гаргалаа

Ирэх амралтын өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдахыг хориглох шийдвэр гаргалаа

Архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулж, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Хүүхдийн төлөө-миний сонголт” аяныг энэ сарын 20-ноос 30 хоногийн хугацаатай хэрэгжүүлж эхэлжээ. 

Уг аяны хүрээнд тамхи болон дам тамхидалт, архи, согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээний улмаас хүний эрүүл мэнд, амь насанд учирч болох эрсдэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж, хууль тогтоомжийг сурталчлах, нийгэмд зөв дадал, хэвшлийг бий болгох зорилготой аж. Аяныг дэмжин ажиллахыг дүүргийн Засаг дарга нар болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын дарга нарт үүрэг болголоо.

Түүнчлэн дэлхийн “Тамхигүй өдөр”, “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох шийдвэр гаргалаа. Мөн тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд тамхи худалдахгүй байхыг аж ахуйн нэгж, байгууллагад уриалав.