“Өсөлтийг хамтдаа бүтээе” сургалт, арга хэмжээ зохион байгууллаа

“Өсөлтийг хамтдаа бүтээе” сургалт, арга хэмжээ зохион байгууллаа

Монгол Улсын эдийн засгийн тулгуур багана болсон Жижиг, дунд бизнесийн салбарын бизнес эрхлэгч, харилцагчдадаа зориулан ХААН Банкнаас санхүүгийн хүртээмж, сургалт хөтөлбөрүүдийн талаар цогц мэдээлэл өгөх зорилгоор “Өсөлтийг хамтдаа бүтээе” уулзалт, арга хэмжээ зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд 100 орчим бизнес эрхлэгч хүрэлцэн ирсэн бөгөөд өөрсдийн бизнест тохирсон санхүүгийн оновчтой шийдэл, ХААН Банкны Жижиг дунд бизнесийн академиас зохион байгуулдаг сургалт хөтөлбөрүүд, зөвлөх болон холбох үйлчилгээний боломжуудын талаар мэдээлэл авснаас гадна бизнесээ цахимжуулах, үйл ажиллагаагаа автоматжуулах сонирхолтой бизнес эрхлэгчдэд дижитал платформ хөгжүүлэгч байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээг тус тус танилцууллаа.

ХААН Банкны Жижиг дунд бизнесийн банк хариуцсан дэд захирал Ж.Товуудорж уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “ХААН Банк олон улсын байгууллагаас татсан санхүүжилтүүдийн нэлээд хувийг бичил болон Жижиг дунд бизнесийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүн болгон санал болгож байна. Тухайлбал, Монгол Улсаас анх удаа олон улсын зах зээлд гаргасан Нийгмийн бонд болон ногоон санхүүжилтэд 177 сая ам.доллар, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихэд зориулж 71 сая ам.доллар, бичил болон ЖДБ-ийг дэмжихэд зориулж 83.25 сая ам.доллар тус тус зарцуулан ажиллаж байна. Монгол орны өнцөг булан бүрд үйл ажиллагаагаа явуулж буй бизнес эрхлэгч нартаа банк санхүүгийн үйлчилгээ болон санхүүгийн бус үйлчилгээ, бусад дэмжих хөтөлбөрийн хүртээмжтэй хүргэх зорилгоор ХААН Банк аймаг бүрд Бизнес төв байгуулан ажиллаж байна. Ингэснээр Улаанбаатар хотод 18, орон нутагт 24 Бизнес төв харилцагчдад үйлчилж байна. Сонирхуулахад, ирэх сард бид Erdem сургалтын шинэ платформоо хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Үүгээр манай харилцагчид бизнес хөгжүүлэлт, санхүүгийн зохицуулалттай холбоотой мэдээллийг тэгш хүртээмжтэй, хүссэн цагтаа онлайнаар авч чадна. Энэхүү платформд 350 орчим контент, хичээлүүд багтсан. Эдгээрийн тусламжтайгаар 600 орчим ур чадварыг бизнес эрхлэгчдэд эзэмшүүлэх боломж нээгдэх юм” гэлээ.  

Системийн тэргүүлэгч банкны хувьд ХААН Банк Монгол Улсын эдийн засагт үнэмлэхүй хувь нэмэр оруулж, баялаг бүтээж буй бизнес эрхлэгч харилцагчдынхаа бизнесийн өсөлтийг дэмжихэд онцгой анхаарал хандуулж ажилладаг. Энэ зорилгын хүрээнд Жижиг дунд бизнесийн академиараа дамжуулан менежментийн цогц хөтөлбөр, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр зэрэг цогц сургалт, хөтөлбөрүүдийг тасралтгүй хэрэгжүүлж ирсэн билээ. Тус академи зөвхөн 2024 гэхэд 3300 гаруй харилцагчид бизнесээ өргөжүүлэх, амжилттай удирдан чиглүүлэх зөвлөх үйлчилгээ, сургалт хөтөлбөрийг зохион байгуулж ажилласан юм.

Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк