Пуужин хөөргөх, зохион бүтээх нь зөвхөн гаднын өндөр хөгжилтэй улс орнуудын хийх зүйл гэж төсөөлдөг байсан бол Монголд монгол инженерүүд зохион бүтээхэд тун ойрхон болжээ. Учир нь “Apogee Aerospace Engineering 2024” сургалтын сурагчид пуужин зохион бүтээж, саяхан туршилтаа амжилттай хийсэн байна. Тодруулбал тийрэлтэт хөдөлгүүртэй, их чадлын, алсын зайн удирдлагуудтай пуужингаа амжилттай хөөргөжээ. Тэднээс бид 12 настай Г.Чингүүн хүүг онцлон ярилцлаа. Тэрбээр сургалтынхаа хамгийн жаахан нь бөгөөд монголын хамгийн залуу пуужин зохион бүтээж, хөөргөсөн нэгэн болов. Улмаар түүний энэ амжилтыг үнэлж, "Индра кибер" сургууль 100 %-ийн тэтгэлэг олгосон байна.
Түүний зохион бүтээсэн “Dynamite” нэртэй пуужин нь 1 км орчим дээш хөөрөөд шүхрээ дэлгэн амжилттай газардсанаар туршилт нь амжилттай болжээ. Тэрбээр энэ пуужингаа есдүгээр сараас эхлэн хийсэн бөгөөд өвлийн туршилт нь амжилтгүй болсон бол сая хийсэн туршилт нь маш амжилттай болсон байна. Мөн түүний хувьд “Кинс кидс” сургуулийн долдугаар ангид суралцаж байгаа бөгөөд ирээдүйд мундаг инженер болох мөрөөдөлтэй. Ингээд түүний ярилцллагыг хүлээн авна уу.
ВИДЕО:
-Г.Чингүүний хувьд хэдэн настайгаасаа эхлэн пуужин сонирхож эхэлсэн бэ. Мөн пуужингийн юу нь чиний сонирхлыг тэгж их татсан юм бол?
-Гуравдугаар ангиасаа эхлэн шинжлэх ухаан сонирхоод, сониуч зандаа хөтлөгдөн янз бүрийн жижиг зүйлс хийж, туршиж үздэг байсан. Тэгээд нэг удаа арай том зүйл хиймээр санагдаад пуужин хийж үзсэн. Тэгэхэд үнэхээр сонирхолтой санагдсан шүү.
-Чамайг пуужин хийхэд хамгийн их тусалж дэмжсэн хүн хэн байв?
-Би “Apogee Aerospace Engineering 2024” сургалтын намрын ангид суралцсан юм. Багшийнхаа заавар, тусламжаар л пуужингаа амжилттай хийлээ.
-Өөрийн зохион бүтээсэн пуужингаа танилцуулахгүй. Мөн пуужиндаа хэрэглэх материалаа хаанаас авсан бэ?
-Пуужингийн хувьд Е ангиллын пуужин. 10/1 харьцаатай. Пуужингийнхаа материалыг Хятадаас захиалдаг. Эндээс олддоггүй юм л даа. Харин пуужиндаа ашиглах хөдөлгүүрийнхээ загварыг өөрөө гаргаад зургийг нь Хятад руу явуулна. Тэгээд зургийг маань харж байгаад хийгээд явуулдаг гэсэн үг.
-Энэхүү пуужинг хийхдээ хэр урт хугацаа зарцуулав?
-Пуужингаа өнгөрсөн оны есдүгээр сарын сүүлээр хийж эхэлсэн. Өмнө нь ч бас үүнтэй адилхан пуужин хийсэн. Даанч амжилттай хөөрч чадсан ч шүхрээ задалж чадаагүйн улмаас амжилттай газардаж чадаагүй юм. Дараагийн хөтөлбөр дээрээ алдаануудаа засаад энэ удаагийнхаа пуужинг хийж, амжилттай хөөргөж чадлаа.
-Танай хөтөлбөрт чамаас жаахан хүүхэд бий юу?
-Манай хөтөлбөрт надаас жаахан хүүхэд байхгүй. Би хамгийн жаахан нь.
-Хэр хол зайд пуужингаа хөөргөж чадсан бэ?
-Пуужингийнхаа эхний хөөрөлтөөр 1000 м гаруй явсан. Дараагийнх дээрээ 700 орчим метр хөөрч чадсан. Энэ удаад өмнөх пуужингаасаа өндөрт хөөргөж чадаагүй ч гэсэн амжилттай газардаж чадсан. Шүхрээ буулгахдаа алсын удирдлагаар удирдаж, агаарын даралтын зөрүүг нь мэдрээд дээд цэгтээ хүрээд шүхрээ задалдаг. Харин хөөрөлтийн хурд нь 328 метр секунд байсан.
-Ирээдүйд инженер болохыг мөрөөддөг үү?
-Би инженер болно гэж бодож байгаа. Явцдаа өөрчлөгдөж магадгүй ч гэсэн одоогийн байдлаар инженер болохыг л зорьж байна. Инженерийн мэргэжил надад их сонирхолтой санагддаг. Мэдэхгүй зүйлээ мэдэж, олон зүйл туршиж үздэг учраас үнэхээр сонирхолтой.
-Монголд пуужин хийхэд хэр боломжтой байв. Материалууд нь хэр олдоцтой байна вэ. Мөн чи жаахан учраас пуужин хийхэд хүндрэлтэй зүйл нь байсан болов уу?
-Пуужин хийхдээ өөрсдөө л сайн судалж чадвал манай улсад боломж нь бүрэн бий гэж боддог. Би өөрөө жаахан болохоор онол үзэхэд заримыг нь ойлгохгүй байх тохиолдол байдаг. Гэхдээ багшаасаа зөвлөгөө тусламж аваад болдог доо.
-Сансар огторгуйн юу нь тэгтлээ чиний сонирхлыг татсан юм бэ?
-Жаахан байхдаа пуужин хийдэг болно гэж бодоогүй. Сансрын нисгэгч болно гэж боддог байсан. Тэгээд сансар огторгуйн талаар судалж байгаад пуужин сонирхож эхэлсэн. Тэр үедээ ер нь би яагаад пуужин хийж болохгүй юм гэж бодоод хийж үзэхээр шийдсэн. Сансар огторгуй, од, тэнгэр надад үнэхээр сонирхолтой санагддаг.
-Өөр зүйл зохион бүтээж байсан уу?
-Би өмнө нь цахилгаан дугуй хийж байсан. Дугуй маань том учраас одоохондоо би өөрөө ашиглаж чадахгүй байгаа. Гэхдээ том болохоороо унана.
-Гэр бүлийнхэн нь чиний энэ сонирхлыг хэр дэмждэг вэ?
-Ээж, аав гэр бүлийнхэн маань намайг үнэхээр сайн дэмждэг. Пуужингийн материалыг ээж аав маань л авч өгдөг.
-Ойрын зорилго нь юу байна вэ. Ахиад пуужин хийх үү?
-Энэ удаагийн пуужингийн маань хөгжүүлэлт нь энэ хүрээд болчихсон. Ойрын хугацаанд зорьж байгаа зүйл маань 3 км хөөрөх пуужин хийхийг зорьж байгаа.