Ардын уран зохиолч, Төрийн шагналт зохиолч Сэнгийн Эрдэнийн бүтээлүүд АНУ-ын Конгрессын номын санд албан ёсоор бүртгэгдэж, дэлхий нийтэд нээлттэй, түүхийн архив болон хадгалагдахаар болжээ.
Тодруулбал АНУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамаар дамжуулан Ардын уран зохиолч, Төрийн шагналт зохиолч Сэнгийн Эрдэнийн бүтээлүүдийг АНУ-ын Конгресийн номын сангийн номын санч, монгол номын мэргэжилтэн, хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнэд гардуулан өгчээ.
Энэ талаар М.Саруул-Эрдэнэ яриандаа онцлохдоо "АНУ-ыг Конгрессын номын санд Ардын уран зохиолч, Төрийн шагналт зохиолч Сэнгийн Эрдэнийн бүтээлүүд тавигдахаар болж байна. Манай Конгрессын номын санд бодлогоор уран зохиолын ном бага авдаг. Гэхдээ уран зохиолын ном авахдаа тухайн хэлтний уран зохиолоос шилж, тэр хэлний охь дээд найруулгатай, утга зохиолын тодорхой жишээ болж чадах дээжийг авдаг.
Энэ шалгуурт яах аргагүй Сэнгийн Эрдэнэ зохиолчийн бүтээлүүд бүрэн нийцнэ. Монголын утга зохиолын уянгын өгүүллэг, үргэлжилсэн үгийн зохиолын ноён оргил болсон хүн байсан.
Номын санч мэргэжилтнийхээ зүгээс хэлэхэд яг Монголын утга зохиолын тод томруун жишээ болсон Сэнгийн Эрдэнийн бүтээлүүд бүрнээрээ ирсэнд баяртай байна. Жирийн уншигч хүнийхээ хувьд хэлэхэд, хар багаасаа уншиж өссөн өгүүллэг, бүтээлүүд, туужууд энд ирсэнд их баяртай байна. Монгол номынхоо сан хөмрөгийг Конгрессын номын санд улам баяжуулна. Монгол номын сан хөмрөг Төрийн шагналт зохиолч С.Эрдэнэ агсны бүтээлүүдээр баяжсанаар монгол хэлний сонгодог жишээ, монгол судлалын бас нэг сан хөмрөг баяжих юм" гэдгийг хэлсэн юм.