“ДЦС-3” ТӨХК-д гарсан үйлдвэрлэлийн осол болон хүний амь эрсэдсэнтэй холбоотойгоор Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо өнөөдөр /2025.06.05/ мэдээлэл хийлээ.
ВИДЕО:
Тэдний төлөөлөл Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо зэрэг салбар байгууллагууд ДЦС-3 ТӨХК-д олон жилийн турш техник тоног төхөөрөмжийг шинэчлээгүй, засвар үйлчилгээг хийгээгүй нь ажилчид хэзээ ч амь насаа алдах, үйлдвэрийн осол гарахад бэлэн байгааг онцолж байна.
-Ш.ЭНХСАРАН: БИД АЮУЛТАЙ ОРЧИНД ХЭЗЭЭ Ч АМЬ НАСАА АЛДАХ ЭРСДЭЛД БАЙНА-
“ДЦС-3” ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ш.Энхсаран: Хамт олноо төлөөлөөд талийгаачийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлж байна. Бид сайн найзаа, шилдэг инженерээ алдлаа. Ажилчид маань өнөөдөр сэтгэлзүйн хүнд байдалтай байгаа. Гэхдээ ажил үүргээ ухамсарлаад, засварын ажлаа урагшлуулж байна. Өнөөдрийн байдлаар ослын дүгнэлт албан ёсоор гараагүй байна. Тиймээс дүгнэлтийн талаар бид ярихгүй. Гэхдээ, энэ осол үүсэх хүртэлх нөхцөл байдлын талаар яримаар байна.
Манай байгууллага 198 мегаваттын хүчин чадалтай 13 зуух 9 турбинтэй. Төвлөрсөн эрчим хүчний системийн 13 хувийг, нийслэлийн дулаан хангамжийн 32 хувийг, Улаанбаатар хотын үйлдвэрлэлийн уурын 47 хувийг хангаж ажилладаг. Нийт 1001 ажилтантай.
Өнөөдрийг хүртэл Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яам зэрэг байгууллагуудын алдаатай шийдвэрийг ажилчид нуруун дээрээ үүрч ирлээ. Цалин хөлс, эрүүл аюулгүй ажиллах орчин, техник тоног төхөөрөмж зэрэг асуудлууд хүнд байдалд байна. Манай байгууллага хүний нөөцийн дутагдалд орсон. Техник ашиглалтын дүрэм болон аюулгүй ажиллагааны дүрмийг шинэчлэх шаардлагатай байна. Тус дүрэм стандартуудыг батлах ажлын хэсэг байгуулагдаад гурван жилийн нүүрийг үзсэн ч батлагдсангүй. Манай байгууллага тоног төхөөрөмжөө засварлах ч боломжгүй нөхцөлд ажиллаж байна. Товчхондоо, бид энэ аюултай орчинд хэзээ ч амь насаа алдах эрсдэлтэй байна.
-А.ДАГВАДОРЖ: ЭВДРЭЛ ГАРСАН ТӨХӨӨРӨМЖИЙГ ШИНЭЧЛЭХЭД 100 САЯ АМ.ДОЛЛАР ШААРДЛАГАТАЙ-
Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭХ-ны нарийн бичгийн дарга А.Дагвадорж: Соёл спорт аялал жуулчлалын салбарын 2025 оны төсөв 525 тэрбум төгрөг байгаа бол эрчим хүчний салбарын төсөв 298 тэрбум төгрөг байна. Үндсэндээ хоёр дахин бага гэсэн үг. Энэ салбарт "Техник тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийе, ажилчдын цалинг нэмэгдүүлье" гэхээр төсөв байхгүй гэдэг. Ирэх өвөл нийслэлчүүд дулаантай байх эсэх нь эргэлзээтэй байна. Ийм нөхцөл байдалд амин чухал асуудлаа нэгт тавих ёстой. Эвдрэл гарсан энэ төхөөрөмжийг шинэчлэхэд 100 сая ам.доллар шаардлагатай. Харин тус төхөөрөмжийг суурилуулах, хэвийн ажиллагаанд оруулахад багадаа 24 сарын хугацаа шаардана. Тэр хүртэл яах вэ гэдэг асуудал болоод байна. Шинэ Засгийн газар энэ асуудалд анхаараасай гэж үнэхээр хүсэж байна.
Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо техник ашиглалтын дүрмийг шинэчлэх, тоноглолын насжилтыг тооцоолж шаардлагатай арга хэмжээг авах, шаардлагатай төсвийг баталж өгөх зэрэг шаардлагыг холбогдох байгууллагууд албан бичгээр хүргүүлэх юм байна.
Б.ЭНХМАА