Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт байдаг Халзан-Уулын рашаан сувиллын эмч, мэргэжилтнүүд энэ жилийн амрагчдаа зургаадугаар сарын 2-ноос эхлэн хүлээн авчээ.
Анагаах ухааны салбарын эрдэмтдийн шинжилгээ судалгаагаар рашаан нь төрөл бүрийн өвчин анагаах чадалтай төдийгүй тэр тусмаа чихрийн шижин өвчнийг эмчлэхэд гойд сайн гэгддэг. Хоёр жилийн өмнө аймгийн ИТХ-ын шийдвэрээр улирлын чанартай ажилладаг тус сувиллыг аймгийн Уламжлалт анагаах ухааны эмнэлэгтэй нэгтгэсэн юм. Ингэснээр ардын эмнэлгийг рашаан сувилалтай хослуулан ажиллуулж, үйлчлүүлэгчдэд цогц, чанартай эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрджээ. Тус сувилалд нийгмийн даатгал төлдөг хүмүүс 150 мянган төгрөг, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 12-18 насны хүүхэд тус тус үнэгүй сувилуулах боломжтой. Халзан уул рашаан сувилал нь улирлын чанартайгаар үндсэн 12, гэрээгээр 15 орчим ажилтантай үйл ажиллагаагаа явуулж, жилд 500 гаруй хүнд үйлчилдэг байна.