Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуульд 63 мандатын төлөө 121 нэр дэвшигч өрсөлдөхөөр зургаадугаар сарын 7-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ авчээ.
Аймаг, сумын сонгуулийн хороо нэр дэвшигчдэд үнэмлэх олгож, нийтэд мэдээлснээр сонгуулийн сурталчилгаа эхэлсэн бөгөөд 2025 оны зургаадугаар сарын 20-ныг дуустал үргэлжилнэ. Энэ жилийн тухайд Баянхонгор, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тус бүр нэг, 17 аймгийн 52 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 61 мандатад нөхөн сонгууль товлогдсон. Нөхөн сонгуульд Монгол Ардын Нам (МАН)-аас 58, Ардчилсан нам (АН)-аас 49, ХҮН намаас 3, Иргэний зориг ногоон нам (ИЗНН)-аас 2, бие даан нэр дэвшигч 9 хүн өрсөлдөж байна. Нэр дэвшигчдийн 41 (33.9 хувь) эмэгтэй аж.
Нөхөн сонгууль товлогдсон аймаг, сумын сонгогч Та Улсын бүртгэлийн ерөнхий газрын election.burtgel.gov.mn цахим хаягаар нэвтэрч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэх болон санал өгөх байрныхаа хаягийн мэдээлэлтэй танилцах боломжтой. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуулийн саналыг 2025 оны зургаадугаар сарын 22-ны өдөр Улаанбаатарын цагаар 07:00-20:00 цагт авах юм.