Маргааш "ДЦС-3" ТӨХК-ийн нөхцөл байдалтай танилцана

Маргааш "ДЦС-3" ТӨХК-ийн нөхцөл байдалтай танилцана

Энэ оны зургадугаар сарын 2-ны шөнө ДЦС-3 ТӨХК-д гал гарч, 53 настай эрэгтэй өртөж амь  насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. 

Дээрх явдалтай холбогдуулан Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан ажлын хэсэг байгуулж, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Уг ажлын хэсэгт Эрчим хүчний дэд сайд Д.Тавинбэх тэргүүтэй Сангийн яам, Гадаад харилцааны яамны холбогдох мэргэжилтнүүдээс бүрдсэн 12-13 хүн багтжээ. Ажлын хэсэг маргааш буюу 2025 оны зургадугаар сарын 10-ны өглөө 09.00 цагт ДЦС-3 ТӨХК-ийн нөхцөл байдалтай танилцахаар болжээ. 

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн энэ талаар мэдээлэл өгөхдөө "ДЦС-3 ТӨХК нь 1965 онд ашиглалтад орж байсан. Тэр цагаас хойш 60 жил үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ станцын тавдугаар турбины ашиглалтын хугацаа дуусч, өнгөрсөн өвлөөс ашиглахаа больсон. Бас долдугаар турбины ашиглалтын хугацаа дууссан. Түүнээс гадна нам дарамлтын 12 МВт-ын дөрвөн турбины ашиглалтын хугацаа дууссан. Төвийн эрчим хүчний системд зургаан цахилгаан станц холбоотой байгаагаас 220МВт-тай тэнцэх хэмжээний турба генераторууд ашиглалтын хугацаа дууссан, хэзээ мөдгүй осол гарахад бэлэн сүүлийн хэдэн жил болсон. Энэ нөхцөл байдлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Нөхцөл байдал хүнд байгаа нь үнэн" гэдгийг хэлж байв.