“Даншиг наадам-Хүрээ цам 2025” наадмаар зургаан насны морь уралдаж, 256 бөх барилдана

“Даншиг наадам-Хүрээ цам 2025” наадмаар зургаан насны морь уралдаж, 256 бөх барилдана

НЗДТГ, Нийслэлийн аялал жуулчлалын газар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран “Даншиг наадам-Хүрээ цам 2025” шашин соёлын наадмыг энэ сарын 27-29-нд Хүй долоон худагт зохион байгуулна.

Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх хайрхныг тахих ёслолоор эхлүүлнэ. Энэ үеэр нийслэлд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийг зохион байгуулах юм.  

Наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохион байгуулдаг бөгөөд Даншигийн цуваа, Сүнчэ айлдвар, Очирвааны тахилга, Чингис хааны сан, цам харайх, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин соёлын олон үйл ажиллагаа болно. Мөн хүчит бөхийн барилдаан, хурдан морь, жороо морины уралдаан, сээр цохих тэмцээн, шагай, сур харвааны наадам болохоос гадна жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрынхан “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна гэдгийг Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Б.ЭНХМАА