Х.Нямбаатар: Хөгжлийн банкны хэргээр ял авсан Дав.Цогтбаатар гишүүн багахан попроорой

Х.Нямбаатар: Хөгжлийн банкны хэргээр ял авсан Дав.Цогтбаатар гишүүн багахан попроорой

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар байнгын хорооны хурлын үеэр "Ерөнхийлөгч хэдхэн хоногийн өмнө "Хүн биш хууль засагладаг улс байна" гэж хэлсэн. Гэтэл энд таван төлгөн комунист суучихсан, хотын гудамжаар хүн загинаж явдаг саарал хувцастай дарга шигээ болчихжээ та нар. Иргэдтэйгээ ямар ч харилцаа байхгүй. Хүн болгон Улаанбаатар.мн сайт руу орж та нарт санал өгөөд сууж байх уу. Та нар иргэнгүй Хүннү, Хархорин хотдоо очиж ажиллавал таарна. Та нараас иргэдээ машинтай байлгая, аз жаргалтай хотод амьдруулъя гэдэг сэтгэл гарахгүй байна. Таван даргын машин түгжрэл, тансаглал мөн үү. Та нарт загнуулах гэж энд орж ирээгүй. Иргэд яахаараа та нараас асууж байж машин унах ёстой юм бэ. Э.Бат-Үүл дарга чинь цэцэг алагласан хот хүлээлгэж өгсөн. Одоо хаана байгаа юм. Бүгдээрээ түгжрэлтэй, стресстэй, утаандаа хордож үхэж байна" гэж хэлсэн юм.

Түүний хариуд хотын дарга Х.Нямбаатар өөрийн цахим хуудастаа "Цэцэг алагласан хот үлдээгээд явсан гэнэ үү. Нэг наст цэцгээр нийслэлчүүдийн нүдийг хуурч нэгэн үеэрээ түгжирч амьдрах хотыг хэн үлдээсэн бэ. Дахин төлөвлөлт нэрээр зах замбараагүй, төлөвлөлтгүй газар олгож Натур, Голдэн Парк, Дөлгөөн нуур, Яармаг гэх бетонон ширэнгүүд бий болох нөхцөлийг хэн үлдээсэн бэ. Өнөөдөр томроод байгаа Д.Цогтбаатар гишүүн энэ улс нийслэлийн хөгжилд ямар хувь нэмэр оруулсан юм. Хөгжлийн банкны хэргээр шүүхээс ял авсан гэж дуулдсан. Багахан шиг попроорой гэж хэлье. Цэцгийг үгүйсгэхгүй. Өдөр шөнийн агаарын дулааны хэлбэлзэл тав, зургадугаар сарын эхээр өндөр байдаг тул, шөнөдөө хүйтэрч нэг наст цэцэг үхчихдэг. Зургадугаар сарын 15-20-ны хооронд тарилт эхэлдэг" гэв.