ЭМЯ: Жилд 50 орчим хүүхэд төрөлхийн тэмбүүтэй төрж байна

ЭМЯ: Жилд 50 орчим хүүхэд төрөлхийн тэмбүүтэй төрж байна

-ТЭМБҮҮ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ АЯН ЭХЛҮҮЛЖ БАЙГААГАА ЗАРЛАЛАА-

Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас тэмбүү өвчнийг устгах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Тодруулбал, тэмбүү өвчинтэй тэмцэх “Улаантариа-2” аяныг орон даяар эхлүүлэхээр болж байгаа тухай мэдээллэв. ЭМЯ-наас мэдээллэснээр жилд 50 орчим хүүхэд төрөлхийн тэмбүүтэй төрж байгаа бөгөөд халдварт өвчний 35-40 хувийг тэмбүү өвчин эзэлж байна гэсэн тоон мэдээллийг өгсөн юм. Иймд уг өвчнийг Үндэсний аюулгүй байдлын төвшинд ярьж, "Улаан тариа-2" аяныг эхлүүлэхээр болжээ.

ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ, “Эрүүл мэндийн салбар бэлгийн замаар дамжих тэмбүү өвчинтэй дайн зарлаж байна. Жилд халдварт өвчний 35-40 хувийг тэмбүү өвчин эзэлж байна. Жилд 50 орчим хүүхэд төрөлхийн тэмбүүтэй төрж байна. Энэ асуудал ҮАБЗ-ийн түвшинд хүрч, яригдсан. Монгол хүний удмын санд нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн тэмбүү өвчнийг устгаж чадна. Эрүүл мэндийн салбарт ийм боломж, дэд бүтэц бий. Эрүүл мэндийн тухай хуульд "Халдварт өвчнийг илрүүлэх, оношлуулж, эмчлүүлэх үүрэгтэй. Бусдад санаатайгаар халдварт өвчин тараасан бол 1-5 жилийн ял оноох, гадаадад зорчих эрхээ хасуулах тухай заалт Эрүүгийн хуульд бий” гэлээ.