Монголын үндэсний харваачдын холбооноос энэ долоо хоногт 2025 оны багийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж шилдгүүдийг тодрууллаа.
Нийслэлийн төв зурхай болон Налайх дүүргийн “Бүс нуур” зурхайд болсон тэмцээнд нийт 80 гаруй баг оролцож наадмын өмнөх эхний сорилгоо хийлээ. Багийн эрэгтэйчүүдийн харваанд Говь-Алтай аймгийн “Засагт хан” клуб түрүүлж улсын аварга болсон бол Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын “Хасбуу” баг мөнгө, Баян-Өлгий аймгийн “Өлгийн мэргэчүүд” хүрэл медалиар энгэрээ мялаасан байна. Мөн Ховдын “Уулсын мэргэчүүд”, Говь-Алтай аймгийн “Хантайшир” клубын харваачид дөрөв, тавдугаар байрт орлоо. Эмэгтэйчүүдийн ангилалд Хэнтий аймаг “Сэцэн хааны мэргэд” багийн харваачид мэргэн байж улсын аварга болсон бол Говь-Алтай аймгийн “Засагт хан” багийн харваачид мөнгө, Өмнөговийн нэгдүгээр баг хүрэл медаль хүртлээ. Тэмцээний шагналт байранд Багануур дүүрэг болон Завхан аймгийн багууд шалгарч улсын их баяр наадмын өмнөх тэмцээнд өнгөтэй байгаагаа харууллаа. Онцлоход, 2025 оны багийн харвааны улсын аварга шалгаруулах тэмцээнд Говь-Алтайгаас таван баг оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн байна.