Хархорум хотын бүтээн байгуулалтад "Эрдэнэс Монгол" нэгдэл 330,000 мод тарилаа

Хархорум хотын бүтээн байгуулалтад "Эрдэнэс Монгол" нэгдэл 330,000 мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч 2022 онд Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасны дагуу бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслол өчигдөр /2025.06.15/ Хархорум хотод болж, “Эрдэнэс Монгол” нэгдэл бүрэлдэхүүн компаниудынхаа хамт оролцлоо.

Хархорум хотын бүтээн байгуулалтын 30 хувийг ногоон байгууламж байх төлөвлөлтийн дагуу “Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд нийт 778 га талбайд 536,000 ширхэг модыг тарих үүрэг, амлалт авснаас сүүлийн 3 сарын хугацаанд нийт 330.000 мянган ширхэг мод тарьж, “Хариуцлагатай уул уурхай - Ногоон бүс”-ийг амжилттай байгуулаад байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэхүү арга хэмжээний үеэр Хархорум хотын ногоон байгууламжийн ажилд сэтгэл зүрхээ зориулан, идэвх санаачилга гарган хувь нэмрээ оруулж буй иргэд болон байгууллагуудад ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлсэн юм.

"Эрдэнэс Монгол" нэгдлийн “Хариуцлагатай уул уурхай-Ногоон бүс”-ийг байгуулах ажлыг эрчимжүүлж 2025 оны 03 дугаар сард “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэс Критикал минералс” ТӨҮГ, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК, “Эрдэнэс Алт ресурс” ХХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК зэрэг нэгдлийн 8 компанийн төлөөллийг багтаасан ажлын хэсгийг байгуулж, нэгдсэн төлөвлөлт, зохион байгуулалт дор нийт 361 хүн ажиллаж, 482 мянган гаруй модны нүх бэлтгэн, 330.000 ширхэг модыг тарьж, 60 гаруй хувийн гүйцэтгэлтэйгээр хаврын төлөвлөгөөг биелүүллээ.

 “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрдэнэс Монгол” нэгдэл 2030 он хүртэл нийт 291.5 сая ширхэг мод тарих үүрэг, амлалт өгснөөс 2024 оны байдлаар нийт 7 сая модыг тарьсан ба намрын тариалалтаар шилмүүст модны суулгацыг түлхүү тариалж, үлдсэн 176.000 ширхэг мод нэмж тарихаар төлөвлөж байна.