Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Гүнтийн давааны зам нь эвдрэлтэй, тоос их босдог, осол аваар их гарч, иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирдог гэдгийг иргэд хэлж, замыг засварлан, шинэчлэхийг шаардсаар ирсэн юм. Тэгвэл тус шороон замд асфальтан зам тавьж эхэлжээ. Тиймээс бид тус замын барилгын ажил болон цаашид гарах эрсдэлээс хэрхэн сэргийлж байгааг тодруулж дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
ВИДЕО:
Улаанбаатар хотод байх томоохон даваануудын нэг "Гүнтийн даваа"-ний хөдөлгөөн жил бүр нэмэгдэж байна. Гэтэл эл замыг засаж, сайжруулдаггүйгээс шалтгаалан тус замаар зорчсон иргэдийн автомашин эвдрэх, осол аваар гарах, цаашлаад иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал ихээр гардаг. Тиймээс ч тухайн давааны шороон замыг асфальтан зам болгох, шийдвэр гарч, энэ дагуу замын ажил хэдийнээ эхэлжээ.
"Нийслэлийн баруун бүсийн зам засвар арчлалтын газар" ОНӨААТГ зам хучилтын ажлыг зургаадугаар сарын 08-ны өдрөөс эхэлж, өнөөдөр /2025.06.17/ ашиглалтад оруулах гэж байна. "Давааны замыг хучиж болохгүй. Асфальтаар хучвал халтиргаа гулгаанаас эхлээд олон асуудал үүснэ" гэдэг цаг ард үлдсэн бололтой. Жишээ нь Монголын хамгийн өндөр гурван давааны нэг Загастайн давааг хэдэн жилийн өмнө бүрэн хучилттай болгосон. Мөн өндөр даваануудыг нэг болох Солонготын давааг битүү хучилттай болгох ажил энэ зун эхэлсэн. Солонготын давааг битүү хучилттай болгохын тулд инженерийн олон шийдэл, шинэлэг технологиудыг ашиглана гэж хариуцсан удирдлагууд мэдэгдсэн. Ингэснээр орон нутгийн иргэд, зорчигчдын санаа зовоодог халтиргаа гулгаа багасах, осол аваар буурах, авто замын арчлалтын зардал буурах, зам даваа хаагдсан үед онгойлгоход амар хялбар болох, зорчигчид ая тухтай зорчих боломжууд бүрдэх аж.
Харин "Гүнтийн даваа"-ны замын тухайд шулуун үргэлжилж байгаа налуу хэсэг нь зөвшөөрөгдөх хэмжээнээс их гарсан учраас энэ чигт нь хучих боломжгүй гэж зарим мэргэжилтнүүд мэдэгдэж байсан юм. Тэгвэл энэ асуудлыг шийдэх гаргалгааг олж, зам хучилтын ажлыг хийж байгаа аж. Энэ талаар “Нийслэлийн баруун бүсийн зам засвар арчлалтын газар” ОНӨААТГ-ын инженер Б.Түвшинмөнх “Гүнтийн даваа”-ны Босоо муруй өндөр байсан тул хучилт хийдэггүй байсан. Энэ жил хучилт хийх шийдвэр гарч, Нийслэлийн баруун бүсийн зам засвар арчлалтын газар хучилтыг хийж байна. Хучилтын дараа халтиргаа их гардаг хэсгүүдэд тэмдэглэгээ хийнэ. Хажуу хөвөөг өргөн шийдэж, халтиргаа гулгаатай үед хөвөөн дээгүүр зорчихоор инженерийн шийдлийг гарган ажиллаж байна. Өвлийн засвар арчлалт дээр давс, бодис, халтиргаанаас хамгаалах зүйлүүдийг хийнэ. Энэ давааны орчинд цасны хаалт хийхгүй. Шуургатай задгай газарт хийдэг. Даваанд цас орвол тухай бүрд нь шуурхай ажлын хэсэг гаргаж, цасыг цэвэрлэдэг. Даваанаас уруудахад гулгалтаас гадна автомашин тоормосгүй болох тохиолдол гардаг. Тэр үед ашиглах ослын тавцан даваанд байдаг. Бид засварлах, шинэчлэх ажлыг хийж байна. Тус даваанд хучилт хийхээс өөр аргагүй байдалд орсон. Учир нь хөдөлгөөний эрчим ихсээд эрхээр хайрган хучилттай зам маш хурдан эвдэрч байна. Үүнийг дагаад тоосжилт, иргэд эд хөрөнгөөр хохирох, осол аваар гарах ихсэж байгаа тул бусад арга хэмжээг авч, хучилтыг хийх нь зүйтэй гэдэг шийдвэрийг гаргасан.
Мөн энэ төлөвлөлтийг хөдөлгөөний эрчмээс хамааруулж хийсэн. Тухай авто замын хөдөлгөөний эрчмийн судалгааг жил болгон хийдэг. Үүнээс хамаарч хэдэн эгнээ зам тавих вэ гэдгийг бодлогын газраас шийдвэрлэдэг. Тэр өгөгдсөн шийдвэр, стандартыг дагуу гүйцэтгэл хийдэг. Өвлийн улиралд цас орохоос урьдаж давс цацаж өгснөөр цас хурдан хайлдаг. Хайлсан цасыг авто гредер, цас ачигч, цас буудагчаар зайлуулдаг. Зуун хувь сэргийлнэ гэж хэлэхгүй. Тухайн цаг уурын нөхцөл байдлаас хамаарна. Нойтон цас ороод маш хурдан хөлдөх тохиолдол байдаг. Тиймээс 50-80 хувийн арга хэмжээг авдаг. Иймд иргэд хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой зорчих нь чухал” гэлээ.