Монгол Улс өрсөлдөх чадвараар дөрвөн байр ухарч, 69 улсаас 65 дугаарт эрэмбэлэгдэв

Монгол Улс өрсөлдөх чадвараар дөрвөн байр ухарч, 69 улсаас 65 дугаарт эрэмбэлэгдэв

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан, Монгол Улсын 2025 оны өрсөлдөх чадварын үр дүнг өнөөдөр /2025.06.17/ танилцууллаа. Монгол Улс 69 орноос 65 дугаарт бичигдсэн байна. 

  • Эдийн засгийн тамир тэнхээ
  • Засаглалын үр ашиг
  • Бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа
  • Дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйл, 20 дэд бүлэг, нийт 335 шалгуур үзүүлэлтээр 69 улсын өрсөлдөх чадварыг харьцуулж гаргадаг.

Энэ оны өрсөлдөх чадварын үр дүнгээр Монгол улс нийт 69 улсаас 65 дугаар байрт эрэмбэлэгдсэн байна. Тодруулбал, Монгол Улс нийт 100 оноо авахаас 40,91 оноо авчээ. Энэ нь өмнөх оноос 5,39 оноогоор буурч дөрвөн эрэмбэ ухарсан үзүүлэлт болжээ.

Монгол Улс дөрвөн эрэмбэ ухрахад, эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа, дэд бүтцийн бүх оноо буурсан үзүүлэлттэй гарсан нь нөлөөлсөн байна.Тухайлбал, өнгөрсөн жил эдийн засгийн тамир тэнхээгээр 42 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол энэ жил 55 дугаарт эрэмбэлэгдэж 13 байр ухарчээ. Засаглалын үр ашиг долоон эрэмбээр,  бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа гурав, дэд бүтэц хоёр эрэмбээр тус тус ухарсан байна.

Энэ онд Монгол Улсад тулгарч болох сорилтуудыг тодорхойлсон байна.  Нэгдүгээрт, Уул уурхай болон түүхий эдийн үнийн хэлбэлзэлд хэт өртөмтгий байх, Дотоодын мөнгөний бодлогын тэлэлт болон дэлхийн худалдааны дайнаас үүдэлтэй инфляцын дарамт, Татварын ачаалал болон төрийн хэт оролцооноос болж бизнесийн орчин муудах эрсдэл, Боловсролтой, чадварлаг залуус гадагш дүрвэн, дотоодын зах зээлийн чадварлаг мэргэжилтний хомсдолд орох, уур амьсгалын өөрчлөлт өртөмтгий болох зэрэг асуудлууд тулгарч болзошгүй гэж судалгаанд дурджээ.