Боловсролын үнэлгээний төвөөс 2025 оны ‘‘Элсэлтийн шалгалт’’-ыг зургаадугаар сарын 18-21-ны өдрүүдэд зохион байгуулна. Үүнтэй холбоотой БҮТ-ээс өнөөдөр /2025.06.18/ мэдээлэл хийлээ.
Энэ жилийн Элсэлтийн шалгалтыг Улаанбаатар хотод 27, хөдөө орон нутагт 23-н шалгалтын төвд явуулж байгаа бөгөөд ажлын хэсэгт нийт 2966 хүн багтаж, элсэлтийн шалгалтыг зохион байгуулж байна. Энэ жил 43318 шалгалуулагч бүртгүүлснээс 40 мянга гаруй шалгуулагч элсэлтийн шалгалтад оролцож байна. Үүнээс 3000 гаруй шалгуулагч нь өмнөх оны төгсөгчид байна талаар БҮТ-өөс мэдээллээ. Харин 2025 онд ЕБС төгссөн 42961 төгсөгч байгаа бол үүний 21362 нь хөдөө орон нутагт, 21599 нь Улаанбаатар хотод өгөхөөр байна. Түнчлэн өмнөх оны төгсөгчид 15, 5, 24, 57-р сургуулиуд дээр шалгалтаа өгөх бол энэ оны төгсөгчдийг бусад сургуулиудад хуваарилжээ.
Мөн "Шууд засалтын шилэн технологи" ашиглан шалгалт бүрийн дараа анхны оноог мэдээлнэ. Шалгалтын хэмжээст оноог тухайн шалгалтыг зохион байгуулснаас хойш 24 цагийн дотор www.eec.mn цахим хаягийн шалгуулагчийн буланд байршуулна. Мөн шалгалтын өмнөх айдас түгшүүрийг хэрхэн даван туулах талаар сэтгэлзүйн зөвлөгөөг шалгуулагчид Боловсролын үнэлгээний төвийн chatbot-оор авч болох аж.
Сануулахад, элсэлтийн шалгалтад шалгуулагч шалгалт өгөхөөр ирэхдээ дараах баримт, бичгийг бүрдүүлсэн байна. Үүнд:
- Бүртгэлийн хуудас/ Шалгуулагч та www.eec.mn холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар нууц үгээ ашиглан Шалгуулагчийн булан-аар нэвтэрч хэвлэж авна/
- Суудлын хуваарь / Шалгуулагчид холбоосоор дамжуулан өөрийн нэр, нууц үгээр нэвтэрч хэвлэж авна.
- Бүрэн дунд болон түүнээс дээш боловсрол эзэмшигчийг гэрчлэх баримт бичиг
- Иргэний үнэмлэх. Хэрэв иргэний үнэмлэх байхгүй бол e-mongolia-ийн лавлагаа, жолооны үнэмлэх, гадаад паспорт зэргээр орлуулах баримт бичиг байж болно.
Д.Мөнх-Эрдэнэ