ШУУРХАЙ: Бангкокт удаа дараа бүлэглэн хулгай хийж байсан ”Ноён Бат” хочит монгол эрийг ухаалаг системээр илрүүлж, баривчилсан гэж мэдээлжээ

ШУУРХАЙ: Бангкокт удаа дараа бүлэглэн хулгай хийж байсан ”Ноён Бат” хочит монгол эрийг ухаалаг системээр илрүүлж, баривчилсан гэж мэдээлжээ

Тайландын цагаачлалын албаныхан үндэсний биометрийн системтэй нэгдсэн нүүр царай таних хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан Бангкокт олон удаагийн хулгайн хэрэг үйлдсэн байж болзошгүй Монгол иргэнийг баривчилжээ.

Тус улсын Цагаачлалын товчооны комиссар, цагдаагийн генерал Панумас Буньялак, цагдаагийн хошууч генерал Прачая Прасансук, цагдаагийн хошууч генерал Паннана Нучанарт нар уг монгол иргэнийг баривчилсан тухай Бангкокийн хэвлэлүүд мэдээлсэн байна.  Энэхүү ажиллагаа нь гэмт хэргийн үйл ажиллагаа, ялангуяа үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгт холбогдсон гадаадын иргэдийг онилсон үйл ажиллагааны нэг хэсэг аж.

Цагаачлалын 1-р хэлтсийн командлагч, цагдаагийн хошууч генерал Прасарт Кемапрасит, дэд захирагч, цагдаагийн хурандаа Рапипат Уцаха нар Бангкокт Монголын хулгайн бүлэглэл үйл ажиллагаа явуулж байгаа тухай мэдээллийг хүлээн авснаар мөрдөн байцаалт эхэлсэн байна. Сэжигтнүүд худалдааны төв, эмнэлэг, зочид буудлууд руу орж гар утас, зөөврийн компьютер зэрэг электрон барааг хулгайлдаг байжээ.

Улмаар 2025 оны тавдугаар сарын 22-ны өдөр сэжигтэн Ратчапрасоны уулзварын ойролцоох алдартай их дэлгүүрээс ажилтнуудын анхаарлыг сарниулж байгаад зөөврийн компьютер хулгайлсан нь камерт бичигджээ.

Ийнхүү Бангкокийн Цагаачлалын 1-р хэлтсийн мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Поласит Сутти-арт, дэд ахлах ахлагч, цагдаагийн дэд хурандаа Сурия Пуангсомбат нар Тайландын нүүр царай таних биометрийн боловсронгуй системийг ашиглан гэмт этгээдийг илрүүлэхийн тулд сайжруулсан видео шинжилгээний программ хангамжтай хослуулан хайж эхэлсэн байна.

Шалгалтын явцад сэжигтэн нь хугацаа нь дууссан визээр Тайландад Чантабури цагаачлалын шалган нэвтрүүлэх боомтоор нэвтэрсэн “Ноён Батуякар” хочит Монгол эрэгтэй болох нь тогтоогдсон бөгөөд хулгай хийсэн хэргээр баривчлах тушаал гаргажээ. Улмаар сэжигтэн 2025 оны зургаадугаар сарын 9-нд нэгэн гоо сайхны эмнэлэгт дахин хулгай хийхийг завдах үедээ үйлдэл дээрээ баригдсан бөгөөд үйлчлүүлэгчийн дүрд хувирч хэргийн газраас зугтахаасаа өмнө ажилтны гар утсыг хулгайлсан байжээ. Ийнхүү бүлэглэн хулгай хийж байсан монгол иргэдийг баривчилж, одоогийн байдлаар шалгалтын ажиллагаа үргэлжлүүлж байгаа бөгөөд монгол иргэн өөрийн үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрсөн байна.