Монголчуудын дунд урьд өмнө байгаагүйгээр Улаанбурхан өвчний халдвар дэгдээд буй. Халдварт өвчин судлалын үндэсний төвд өчигдөр /2025.06.20/-ийн байдлаар улаанбурхан өвчний батлагдсан 8648 тохиолдол бүртгэгдсэн бол үүнээс 6796 халдвар эдгэрч, 691 хүн эмнэлэгт, эмчлүүлж байна гэсэн юм.
Харин одоогийн байдлаар улаанбурхан өвчнөөр долоон хүүхэд нас бараад байгаа бол эндсэн хүүхдүүдийн тав нь вакцинд хамрагдах нас нь болоогүй байсан бол хоёр нь вакцинд хамрагдаагүй байсан гэдгийг албан эх сурвалж мэдээлж буй. Тэгвэл өнөөдөр /2025.06.21/ Ерөнхий сайд Г.Занданшатар Халдварт өвчин судлалын Үндэсний төвд ажиллаж, Улаанбурхан өвчний дэгдэлт, үүнээс урьдчилан сэргийлэх чиглэлд шийдвэр гаргах гаргах гэж байгаа ажээ. Тодруулбал, Засгийн газрын олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас тус үйл явдлыг сурвалжлах зарыг тараасан байна.