“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээнд 100 гаруй малчин тамирчин оролцож байна

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээнд 100 гаруй малчин тамирчин оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн 2025 оны зургаадугаар сарын 20-21-ний өдрүүдэд Төв аймгийн Зуунмод хотын “Өв соёлын төв” цогцолборт үргэлжилж байна.

Малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх ажлын  хүрээнд зохион байгуулж буй уг тэмцээн хонины ноосны үнэ цэнийг өсгөх, хаягдалгүй ашиглах, ноосон бүтээгдэхүүний эцсийн үйлдвэрлэлийг дэмжих зорилго агуулж байгаа юм. Мөн малчдын хөдөлмөрийг хөнгөвчилж, цаг хугацааг хэмнэсэн техник, технологийг нэвтрүүлэх, сурталчлах, таниулах, түүнийг эзэмшсэн залуучуудыг урамшуулна.

“Алтан хайч-2025” тэмцээнийг уламжлалт гар хайч, цахилгаан хайчаар ахлан суралцагч болон мэргэжлийн ноослогч гэсэн 3 төрлөөр зохион байгуулж байгаа. Тэмцээнд нийт 21 аймгийн 100 гаруй малчин тамирчид хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдөж байна. Тэмцээний сүүлийн шат маргааш үргэлжлэх бөгөөд малын эмч, мал зүйч, ноос судлаач, малчдын төлөөлөл болон Шинэ Зеландын Олон улсын зэрэгтэй шүүгчид шүүн явуулж байгаа юм.

Хонь ноослогчдын “Алтан хайч” тэмцээнийг олон улсад анх 1961 онд Шинэ Зеланд улс зохион байгуулж эхэлснээс хойш эдүгээ дэлхийн 15 орон өөрсдийн онцлогт тохируулан зохион байгуулдаг уламжлал тогтжээ. Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй тэмцээний үеэр ноосны бүтээгдэхүүний загварын шоу, шагайн харваа, жижиг, дунд үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн зэрэг арга хэмжээ болж байна.

Уг арга хэмжээг  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Төв аймгийн Засаг даргын Тамгын Газар, Жижиг, дунд үйлдвэрийн газар болон “Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо” “Монголчуудтай туршлага хуваалцая, үнэ цэнэ бүтээе” ТББ-ууд хамтран зохион байгуулж байна.