Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдсан “Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн Төв аймгийн Зуун мод хотын Өв соёлын цогцолборт болж өнгөрлөө. Тус тэмцээнд 19-70 насны, 21 аймгийн 100 гаруй тамирчид оролцон, малч ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа уралдуулж өрсөлдсөн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сүүлийн шатны тэмцээнийг үзэн сонирхож, тэргүүн байранд шалгарсан тамирчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит дурсгалын цом, батламж, тууз, мөнгөн шагналыг гардуулав. Мөн цахилгаан хайчны мэргэшсэн түвшний ялагч 2026 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн эзэн болж буй юм.
-Гар хайчны төрөлд Говь-Алтай аймгийн Дарви сумын тамирчин Шагдарсүрэнгийн Батмагнай,
- Цахилгаан хайчны анхан шатны төрөлд Архангай аймгийн Цэнхэр сумын тамирчин Чулуунбатын Азбаяр,
- Цахилгаан хайчны мэргэшсэн шатны төрөлд Архангай аймгийн Хотонт сумын тамирчин Э.Баасандорж нар тэргүүлжээ.