Улаанбаатар хотын иргэдийн өдөр ‘‘Хүрээ цам-Даншиг наадам 2025’’ арга хэмжээний талаар өнөөдөр /2025.06.23/ албаныхан мэдээлэл өглөө.
“Хүрээ цам-Даншиг 2025” наадам энэ сарын 27-29-ний өдөр Хүй долоон хутагт болно. Энэхүү нийслэлийн иргэдийн өдрийг Богдхаан, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх дөрвөн хайрханыг тахиж эхлүүлэх бөгөөд Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдээс шашин номын арга хэмжээг зохион байгуулна. Наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Хүй долоон хутаг, МУБИС-аас Хүй долоон хутаг гэсэн хоёр чиглэлд иргэдэд нийтийн тээврээр үйлчилнэ. Даншиг наадмыг жил бүрийн долоон сард хийдэг байсан бол энэ жилээс зургаан сарын сүүлээр зохион байгуулахаар болсон нь энэ юм. ‘‘Хүрээ цам-Даншиг наадам’’-д 256 бөх зодоглох бөгөөд өнгөрсөн жилийн барилдааныг Өвөрмонгол, Буриад, Монгол үндэсний гэсэн гурван төрлөөр зохион байгуулсан. Харин энэ жил ганц үндэсний бөхийн төрлөөр л барилдааныг хийх юм байна.
Харин морин уралдаанд үндсэн зургаан насны морь, жороо морьдын уралдааныг зохион байгуулна гэдгийг албаныхан мэдэгдлээ. Уяачдын бүртгэлийг уяач аппликейш болон цаасан бүртгэлээр давхар авч, тогтсон талбайд морьдыг буулгахаар бэлдсэн байна. Худалдаа үйлчилгээний талбайг найман сектороос бүрдүүлэх бөгөөд хоол үйлдвэр худалдааны 90 гаруй аж ахуй нэгжээс шалгаруулах аж. Даншиг наадмын үеэр замын цагдаагийн газар 250 гаруй албан хаагчийн бүрэлдэхүүнтэй ажиллах бөгөөд бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, тээврийн хэрэгслээ зөвшөөрөгдсөн үндсэн хоёр зогсоолд байршуулахыг Нийслэлийн замын цагдаагийн газраас анхааруулав.
Д.МӨНХ-ЭРДЭНЭ