Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулсан Швед дэх монголчуудын "Монгол Наадам" 15 дах 2025 оны 6 дугаар сарын 21-ний өдөр дэнж хотойтол дэлгэр сайхан болж өнгөрлөө.
Баяр наадмын арга хэмжээг Элчин сайд Ц.Мөнх-Өлзий нээн наадамчин олонд мэндчилгээ дэвшүүлж, “Гэгээн эгшиг” сургалтын төв, “M.O.D”, “Төгс билэгт” сургалтын төвүүдийн багш, хүүхэд багачууд, дуучин Базардарийн Лхагвасүрэн, П.Ариунаа, Ч.Эрдэнэбаяр, хөгжимчин Ц. Чинхүсэл, Д.Отгонцэцэг, Л.Энхмэнд нар хуран цугласан олонд уран бүтээлийнхээ дээжээс өргөн барив.
Наадмын хүчит бөхийн барилдаанд 64 бөх уран мэхийг уралдуулан барилдсанаас сумын заан Б.Батманлай түрүүлж, аймгийн начин М.Батмөнх үзүүрлэж, аймгийн начин С.Оргилболд, сумын заан Т.Мянганбаатар нар шөвгөрчээ. Мөн хүүхдийн барилдаанд 32 бөх зодоглосноос Т.Эрхэс түрүүлж, Б.Тэргэл үзүүрлэж, Ш.Бүүвэйбаатар, Ц.Жамцандорж нар шөвгөрөв.
Шагайн багийн харвааны тэмцээнд багууд най нийлж, онч мэргэн наадаж З.Хатанбаатар ахлагчтай “Гал” баг тэргүүн байр, Г.Сэлэнгэбаатар ахлагчтай “Алтангадас” баг дэд байр, Д.Болд ахлагчтай “Аргай” баг гутгаар байр эзэллээ. Цуваа харваанд Монгол улсын гарамгай мэргэн Б.Энхтүвшин түрүүлж, дэд байрт Залуу харваач М.Билгүүн, гутгаар байрт Аймгийн гоц мэргэн А.Эрдэнэбулган орж удааллаа. Сурын харваанд уухайн цээл хадааж, онч мэргэн байж I байрыг залуу харваач Ө.Сайнбаяр эзэлсэн бол II байрт залуу харваач Л.Доржпүрэв, III байрт Залуу харваач Н.Отгонбаатар нар шалгарлаа. Хүүхдийн харвааны төрөлд Э.Ананд, К.Ялмаар, А.Оюунсүрэн нар тэргүүлжээ.
Нумт харвааны багийн төрөлд онч мэргэн байж I байрыг Д. Амаржаргал ахлагчтай “Дөл” баг, II байрт Б. Гэрэлмаа ахлагчтай “Ирмүүн” баг, III байрт С. Энхмандал ахлагчтай “Андгай” багууд шалгарлаа. Нумт харвааны цуваа харваанд онч мэргэн байж I байранд Ц.Ариунжаргал, II байранд Б. Гэрэлмаа, III байранд Д. Ариунаа нар тодорлоо.