Хүмүүжигч нарын урласан бүтээлийг дэлгэсэн ‘‘Ухаарахуй, Урлахуй” үзэсгэлэнгээс бид энэ удаагийнхаа сурвалжилгыг бэлтгэн хүргэж байна. Тэд дөрвөн хананы дунд эрх дураараа байж чадахгүй хэдий ч эрх чөлөөтэй сэтгэж, эцэг эх үр хүүхдээ санасан сэтгэлээрээ утас зүү хатгаж, алх дөш балбаж, уран тансаг хийцтэй бүтээлүүдийг урлаж өдрөөс өдөрт ур чадвар, авьяас билгээ хөгжүүлэн, алдаа оноогоо эргэцүүлэн ухаарч амьдралд хөл тавих гэж тэмүүлж байгаа тэдний бүтээлүүдээр ‘‘Ухаарахуй, Урлахуй’’ үзэсгэлэн дэлгэж, олон түмэнд хүргэжээ.
ВИДЕО:
‘‘Ухаарахуй, Урлахуй’’ хүмүүжигчдийн гар урлалын бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 24-26-ний өдрүүдэд Монголын уран зургийн галерейд боллоо. Уг үзэсгэлэнг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албанаас хүмүүжигчдийг нийгэмшүүлэх ажлын хүрээнд зохион байгуулж байгаа аж. Засан хүмүүжүүлэх газар нь хүмүүжигчдийг гар урлалаар дамжуулан ажил хөдөлмөр эрхлэх нөхцөл боломжийг бүрдүүлэн тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлж дэмжлэг үзүүлдэг байна. Мөн мэргэжил хөдөлмөрийн дадал арга барилыг олгох, суллагдаад нийгэмд эргэн ажиллах ур чадвар, амьдралын шинэ зорилгыг бий болгох зэрэг олон талын ач холбогдолтой аж. Хүмүүжигчид нь өөрийн бүтээлээ хямд дүнгээр үнэлэн борлуулах, ард иргэдээс захиалга аван хийх боломжтой байна. Энэ нь эргээд тэдэнд өр төлбөрөө барагдуулах болоод нэмэлт орлоготой болох, бизнесийн шинэ алхам хийх сэдлийг төрүүлэх давуу талтай юм.
Мөн уг үйл ажиллагааны талаар бид ШШГЕГ сэтгэлзүйч Б.Анхтуяагаас тодрууллаа. Тэрбээр, "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд 2025 онд хүмүүжигч нарынхаа уран бүтээл гар урлалыг олон нийтэд нээлттэй таниулах, үүгээрээ дамжуулан нийгэмшүүлэх ажлын үр нөлөөг харуулах хоёрдох ажил маань энэ. Өмнө нь бид зөвхөн уран зургийн бүтээлээр үзэсгэлэн гаргасан. Энэ үзэсгэлэнд 19 салбар нэгжээс ирүүлсэн 300 гаруй модон эдлэл, төмөр болон чулуун хийцийн суран эдлэл, эсгий ноосон урлал зэрэг бүтээл бий. Манай үзэсгэлэнгийн нэр буюу ‘‘Ухаарахуй, Урлахуй” гэдэг нь ямарваа уран бүтээл гэдэг хүний сэтгэлийн гүнээс ундарч гарч байдаг.
Гар хурууны мэдрэмжээр дамжуулан олон зүйлд төвлөрч, өөрийгөө таньж мэдэх, алдаа эндэгдлээ ухаарах боломжийг гар урлал олгодог.
Бүтээл хийж байхдаа өөр дээрээ төвлөрч, "би энэ зүйлийг хийж чадах юм байна, надад ирээдүйд шинэ амьдрал байгаа" гэдгийг ухаарч, урлаж бүтээл гарсан гэдэг утгаар нь уг нэрийг өгсөн. Хорих ял эдэлж байгаа хүн хорих ангидаа тортой төмөр хаалганы цаана суугаад, ном уншиж, сургалтад хамрагдаад байж байдаг гэсэн ойлголттой байсан бол үзэсгэлэн үзээд явж байхдаа "үүнийг хорих ял эдэлж байгаа хүмүүс хийсэн гэж үү" гээд л их сонирхдог. Өнөөдрийн байдлаар хүмүүсийн анхаарлыг татаж байгаа бүтээлүүд бол чулуун сийлбэр, сийлбэртэй гэр, сэлэм, хутганууд, зүү ороож оёсон оёдлууд, мөн бидний өдөр тутамдаа өмсдөг арьсан, эсгий гэрийн шаахай байна. ШШГЕГ-ын хувьд хүмүүжигчдийнхээ 80 хувийг цалинтай ажлын байраар хангасан. Хүмүүс маань суллагдаад, хорих ангид сурсан мэдсэнээрээ ажиллаж амьдрах боломжтой байдгаараа илүү ач холбогдолтой. Хүмүүжигчдийг гар урлалын чадварт сургаж хөдөлмөр нийгмийн дадал суулгаж байгаа нь амьдралтай ойр давуу талтай байдаг. ‘‘Хүмүүс үзэсгэлэн үзэж байхдаа ийм зүйлс хийдэг мундаг хүмүүс хорих ангид байдаг байх нь ээ’’ гэж их хэлдэг. Өнөөдрийн энэ үзэсгэлэнгийн маань гол зорилго нь алдаа хийсэн хүн болгон муу хүн байдаггүй, тийм учраас энэ хүмүүсийг эргээд нийгэмд гарахад итгэл өгдөг, энэ хүмүүст ч чаддаг зүйл байдаг шүү, дэмжээрэй" гэсэн гол утга санаа иргэдэд их сайн хүрч байна" гэлээ.
МУИС-ийн дадлагын оюутан Д.Мөнх-Эрдэнэ