Хэдхэн хоногийн дараа Улсын баяр наадам болж, монголчууд үндэсний өв соёлоороо бахархан наадна. Энэ ч утгаараа албаныхан бэлтгэл ажлаа ханган ажиллаж байгаа гэдгийг тодотгоод, "Үндэсний баяр наадмын нээлт, хаалтын тоглолт нийт есөн үзэгдэлтэй бөгөөд Монгол Улсын газар нутаг, ард түмэн, төр гэсэн өргөн агуулгатай байхаар төлөвлөсөн" гэдгийг онцолсон.
Тэгвэл төсвийн мөнгөөр зохион байгуулдаг наадмын нээлт, хаалтын зардал энэ жил ч мөн асуудал дагуулах нь. Учир нь одоогоос гурван жилийн өмнө буюу 2022 оны Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын зардал болох 1.9 тэрбум төгрөгийг УДЭТ-ын жүжигчин, МУГЖ Г.Амгаланбаатар, түүний эхнэр Б.Оюунжаргал нарын эзэмшлийн “Гэгээн эгшигт тэнгэр” ТББ-ын данс руу шилжүүлсэн нь шүүмжлэл дагуулж байсан билээ. Тухайн үед ямар учраас баяр наамдын үйл ажиллагааны зардлыг гэр бүлийн эзэмшлийн ТББ-ын данс руу шилжүүлсэн, тухайн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулсан эсэх талаарх мэдээлэл хийгээгүй, сураг алдарч байсан юм.
Тэгвэл энэ жилийн үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааны урьдчилгаа болох 828 сая төгрөгийг мөн л МУГЖ Г.Амгаланбаатар, түүний эхнэр Б.Оюунжаргал нарын эзэмшлийн “Гэгээн эгшигт тэнгэр” ТББ-ын данс руу шилжүүлжээ. Ингэхдээ өнгөрсөн тавдугаар сарын тавдугаар сарын 26-ны өдөр "Үндэсний их баяр наадмын нээлтийн хаалтын үйл ажиллагааны урьдчилгаа" гэх утгатайгаар шилжүүлсэн байх аж. Угтаа үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын концертыг Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид хариуцан голлон ажилладаг. Гэтэл Улсын драмын эрдмийн театрын данс руу бус гэр бүлийн эзэмшлийн ТББ-ын данс руу төсвийн их хэмжээний мөнгийг шилжүүлсэн нь хардлага төрүүлж буй юм.
Өнгөрсөн 2022 онд МУГЖ Г.Амгаланбаатар наадмын төсвийн мөнгө зургаадугаар сарын 13-ны өдөр хүртэл орж ирээгүй байгааг шүүмжилж, "Төр засгаас 100, 101 жил гээд л сүржигнээд байх юм. Энэ жил төрийн наадмын нээлт стадионд болох нь худлаа боллоо шүү. Ард түмэн минь их юм хүлээгээд хэрэггүй шүү. Өнөөдөр зургаадугаар сарын 13. Одоо болтол төрөөс шийдэгдсэн мөнгөнөөс ганц ширхэг хадаасны мөнгө ч орж ирээгүй байна. Ид шидтэн л биш бол амжихаа байлаа" хэмээн мэдэгдэж байсан юм. Тэгвэл энэ жилийн наадмын нээлт, хаалтын урьдчилгаа мөнгө тавдугаар сард МУГЖ Г.Амгаланбаатар эзэмшлийн “Гэгээн эгшигт тэнгэр” ТББ-ын данс руу шилжүүлсэн байна.