Сэлэнгэ аймагт гарсан ой хээрийн түймрийн талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна.
Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум Цөх багийн “Доргон толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 55 км, сумын төвөөс урд зүгт 30 км/ Ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг зургаадугаар сарын 22-ны өдрийн 11:32 цагт хүлээн авсан. Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяраар ахлуулсан Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Сүхбаатар сум дахь 36 дугаар анги, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Орхон аймгийн Онцгой байдлын газар, Уул уурхайн аврах 09 дүгээр анги, Дундговь аймгийн Онцгой байдлын газар, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд нийт 176 хүн, 22 автомашин, 2 мотоциклтой түймрийн голомтод ажиллаж зургаадугаар сарын 28-ны өдрийн 16:30 цагт түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Мөн Сэлэнгэ аймаг, Хүдэр сум Тарвагатай багийн “Шоргоолжны-Өндөр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд 248 км, сумын төвөөс зүүн урд зүгт 80 км/ www.firms.modaps.eosdis.nasa.gov сайтад түймрийн цэг илэрсэн дуудлагыг зургаадугаар сарын 27-ны өдрийн 18:56 цагт /06.28-ны өдрийн 10:59 цагт/ хүлээн авсан. Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой байдлын газар, Орхон аймгийн Онцгой байдлын газар, Төв аймгийн Онцгой байдлын газрын нийт 46 алба хаагч түймрийн голомтод ажиллаж байгаа бол Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2 дугаар багийн “2 дугаар багийн “Шайлын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 65 км, Шарын гол сумын төвөөс зүүн урд зүгт 17 км/ ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг долдугаар сарын 01-ний өдрийн 16:19 цагт хүлээн авсан. Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Уул уурхайн аврах 09 дүгээр анги, Шарын гол сумын Засаг дарга М.Мөнхбаяраар ахлуулсан ажилтнууд, “Шарын гол” ХК, “Бичил уурхай”-н ажилтнууд ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.
Түүнчлэн Сэлэнгэ аймаг, Хүдэр сум Тарвагатай багийн “Тарвагатай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 210 км, сумын төвөөс баруун хойд зүгт 40 км/ Ой, хээрийн гал түймэр гарсан гэсэн дуудлагыг долдугаар сарын 01-ний өдрийн 16:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн байгууллагын алба хаагчид, орон нутгийн нийт 13 хүн, 2 автомашин, 3 мотоциклтой ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа бол Сэлэнгэ аймаг, Ерөө сум Бугант багийн “Жаргалант” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 160 км, сумын төвөөс зүүн урд зүгт 60 км/ Firms.modaps.eosdis.nasa.gov сайтад түймрийн цэг илэрсэн дуудлагыг долдугаар сарын 01-ний өдрийн 16:50 цагт хүлээн авсан. Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн “Доргон толгой” гэдэг газар гарсан түймэрт ажилласан Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын бүлэг, Орхон аймгийн Онцгой байдлын газрын нийт 35 алба хаагч, 2 автомашинтай ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Мөн Сэлэнгэ аймаг, Ерөө сум Буурагчин багийн “Асгатын Амны Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 330 км, Ерөө сумын төвөөс зүүн урд зүгт 275 км, Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км/ Ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг долдугаар сарын 01-ний өдрийн 16:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь 19 дүгээр анги, Нийслэлийн Онцгой байдлын газар, “Бэрлэг-Майнинг” ХХК, орон нутгийн нийт 48 хүн, 4 автомашинтай ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа аж.