Олны шүүмжлэл дагуулсан авто замын арлыг татан буулгана

Олны шүүмжлэл дагуулсан авто замын арлыг татан буулгана

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн эцсийн автобусны буудлыг Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар тохижуулах ажлыг өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн. Энэ хүрээнд тус уулзвар замд авто замын арал хийсэн бөгөөд энэ шинэчлэл нь иргэдийн бухимдлыг ихээр төрүүлж, хуучин хэвээр байлгахыг хүссэн юм. Иймд Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон бусад албаныхан байршил дээр нь ажиллалаа.

Энэ үеэр нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас тохижилтын ажил хийж байгаа энэхүү хэсэгт өрхийн эмнэлэг, эмийн сан, CU зэрэг үйлчилгээний төв байдаг. Орон сууцны хотхоны орц гарц, нийтийн эзэмшлийн талбайг хааж хашаалсан болон хөл хөдөлгөөн ихтэй, уулзвар авто зам юм. Гэвч авто замын хэсэгт автомашины зогсоол байхгүй учир дээрх үйлчилгээний байгууллагууд болон иргэд, барилгын ажилчид гээд автомашинаа замын нэгдүгээр эгнээнд, уулзвар дээр тавьдаг. Улмаар түгжрэл үүсгэдэг. Хан-Уул дүүргээс эхлээд газрыг чөлөөлж, дараа нь тохижилт хийх ёстой байсан. Энэ такси үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан авто замын арал нь иргэдийн хөдөлгөөнд ихээр саад учруулж байгаа учир ойрын хугацаанд даруй буулгаж, замыг чөлөөл” гэлээ.

Хан-Уул дүүргийн Техник хяналтын албаны дарга Б.Амартүвшин “Зайсангийн эцсийн автобусны буудал нь автобус бүрэн эргэх боломжгүй, хүлээлгийн зогсоол, сүүдрэвчгүй байсан. Тиймээс зураг төслийн газарт захиалга өгч, иж бүрэн автобусны эцсийн зогсоол барихаар ажлыг эхлүүлсэн. Талбайг бүрэн чөлөөлсний дараа тохижилтын ажлыг эхлүүлье гээд нийтийн эзэмшлийн талбай руу барилгын хашаагаа оруулж татсан барилгын компанид удаа дараа мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл шаардлага биелүүлээгүй. Бид стандартын дагуу эргэлтийн зургийг гаргаж, ажлыг гүйцэтгүүлсэн. Гэтэл иргэд зорчих хэсэгт автомашинаа байрлуулахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсч, автобус ч бүрэн эргэх боломжгүй асуудлууд үүсээд байна” гэв.

Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн “Зайсангийн эцсийн автобусны буудлыг тохижуулахдаа нийтийн эзэмшлийн талбай руу орсон барилгын хашааг чөлөөлөх гэсэн ч хашаанд тулсан барилгын материал өрөөстэй байгаа гэдэг шалтгаанаар зам талбайг чөлөөлөөгүй. Энэ хэсэгт такси үйлчилгээ эрхлэгчид зогсдог тул тэдэнд зориулж ийм зогсоол маягтай авто замын арал хийсэн. Газар чөлөөлсний дараа жишиг байдлаар автобусны зогсоол хийнэ. Иргэд болон автомашины хөдөлгөөнд саад учруулж байгаа учраас харин авто замын арлыг буулгана” хэмээв.

Тус автобусны эцсийн зогсоолын засвар шинэчлэлтийн ажлын зураг төслийг “Нарт Дизайн” ХХК гаргаж, “Нано бриллиант констракшн” ХХК ажлыг гүйцэтгэж буй. Энэхүү гурван замын уулзвар хэсэгт хоёр авто замын арал барьсан, эхний арлыг яаралтай татан буулгасан бол такси үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан хоёр дахь арал хэсгийг яаралтай татан буулгахаар боллоо.