Ардчилал, хүний эрхийн сүлд дуу болсон “Хонхны дуу”, "Рашаантын 18", "Хайр минь билээ чи" зэрэг олон дуугаар түмэн олондоо хайрлагдсан "Хонх" хамтлагийн ахлагч, сэтгүүлч, улс төрч С.Цогтсайхан агсныг мэдэхгүй Монгол хүн үгүй билээ. Тэгвэл энэ удаа С.Цогтсайхан агсны хүү Ц.Түшигтэй ярилцлаа. Тэрээр аавынхаа хийж бүтээснийг үргэлжлүүлэх, хамгаалах хүслээр С.Цогтсайхан санг үүсгэн байгуулсан байдаг. Мөн Хонх хамтлагийн гитарчин билээ.
ВИДЕО:
-ЗОХИОСОН ДУУ БҮРД НЬ ААВЫН ФИЛОСОФИ БАЙДАГ-
-Таны аавыг танихгүй Монгол хүн бараг үгүй. Гэтэл ард түмний хайртай хүү 40 гаруй насандаа хорвоог орхисон байдаг. Тэр үед та хэдэн настай байв. Аавтайгаа өнгөрүүлсэн ямар дурсамжаа их санадаг вэ?
-Миний аав 40 гаруй насандаа бурхан болсон. Тэр үед би 10 гаруйхан настай байлаа. Олон хүн надаас ааваасаа их юм сурч, мэдсэн үү гэдэг. Гэхдээ 10 гаруйхан настай хүүхэд аавыгаа юу хийж бүтээдгийг сайн мэдэхгүй. Тухайн үед манайхаар хөгжмийн олон зохиолч, найруулагч их орж, гардаг байлаа. Аавыг хөгжим тоглож байгааг нь л мэддэг байлаа. Тэрнээс яг юунд зорьж, ямар уран бүтээл бүтээж байгааг нь мэдэхгүй байсаар аав минь бурхан болсон доо. Харин одоо нас явахын хирээр аавыгаа үгүйлж, хамт байсан бол олон зүйл сурч, мэдэж авч арай өөр түвшинд байх болов уу гэж боддог.
-Таны аавын уран бүтээлүүдийн бусдаас ялгарах онцлог нь юу гэж хардаг вэ?
-Аавынхаа дуунуудыг одоо их сонсдог. Өөр хамтлаг дуучдад зохиож өгсөн дууг хүртэл нандигнаж сонсоно. Дууны үг, найруулга, холбоосыг нь хүртэл яаж хийсэн байна гэж анзаардаг. Анзаарах тусам зохиосон дуу бүрд нь аавын философи байж байдаг. Аав үйлийн үрийн тухай бодож, сануулдаг.
-Таны аав завгүй их амьдралынхаа хажуугаар гэр бүл, хүүхдүүддээ хэр цаг зарцуулдаг хүн байв?
-Аав минь надад бол бүх зүйлээ зориулж, хайрладаг байсан. Амьд байх хугацаандаа намайг юугаар ч дутааж байгаагүй. Миний хүссэн бүхнийг авч өгдөг байлаа. Мэдээж, боломжтойдоо биш хүүгээ гэсэн сэтгэл нь юм болов уу гэж боддог. Энэ бол миний найм, есөн насны дурсамж. Гэхдээ аавынхаа тэр их хайрыг хэзээ ч мартдаггүй.
Жаргалтай, зовлонтой бүх цаг хугацаанд бодогддог. Зарим хүн хэцүү цаг хугацааг туулах үед аавыгаа боддог уу гэдэг. Би сайн сайхан явж байсан ч аавыгаа санаж, дурсдаг.
-Та өөрийгөө хэр сайн хүү гэж боддог вэ?
-Би өөрийгөө сайн хүү гэж боддог. Муу зүйл ер нь хийж байгаагүй байх. Аавыгаа өвчтэй хүнд хэцүү цаг үед нь хажууд нь байсан. Манай гэр бүлийнхэн бүгд завгүй учир би л хажууд нь байх хэрэгтэй болсон. Ер нь аав хүнд өвдөж эхлэхэд амьдрал жаахан хэцүү болсон доо. Тэр үед өдөр бүр аавынхаа хажууд байх үедээ олон зүйл ойлгосон. Цаг хугацаа хүнийг яаж ч болдог юм байна гэх бодол сүүлийн мөчид нь бодогдож байсан. Тухайн үед миний нас бага байсан шүү дээ. Хичээлээ тараад, амралтын өдөр гээд л өдөр бүр аавыгаа хараад суудаг байлаа. Одоо бодоход сэтгэлд сайхан санагддаг. Учир нь би үнэн байсан. Аавдаа худлаа хэлээд ганцааранг нь нэг ч үлдээж байгаагүй. Харин одоо аавынхаа хамтлагт ороод хийж бүтээснийг нь үргэлжлүүлж байгаадаа баярлаж байдаг.
-"ХАЙР МИНЬ БИЛЭЭ ЧИ" ДУУ ЭЭЖИД МИНЬ ЗОРИУЛЖ БҮТЭЭСЭН-
-Хүн ер нь нас нэмж, ухаан суух хирээр эцэг эхээ их өгүүлдэг санагддаг. Та ямар үед илүү их санадаг вэ?
-Хүнд бэрхшээлтэй үед аав их бодогдоно. Манай аавын зохиосон “Би ажилгүй хүн” гээд дуу байдаг. Заримдаа тэр дуу яг надад зориулагдсан юм шиг санагдах үед байдаг.
-Аавынхаа авьяас ур чадвараас юуг нь сайн өвлөж авсан гэж боддог вэ?
-Анх хөгжим гэж огт мэддэггүй байсан. Тэгээд суръя гэж бодоод 2008 онд гитарын сургалтад бүртгүүлсэн. Тухайн үед ямар ч хамаагүй гитарын тоглож сурахыг заагаад өг гээд очиж байлаа. Нэг жилийн дотор гитарыг маш сайн сураад амжилт үзүүлж эхэлсэн. Өөрийн гэсэн нэг хамтлагтай болсон. Аавын хөгжлийн ген надад ирсэн гэж боддог. Хүмүүс хөгжим тоглож сурах хэцүү гэдэг надад тийм ч хэцүү байгаагүй. Улмаар 2015 оноос аавынхаа хамтлагт тоглоё гэсэн бодол төрж эхэлсэн. Мэдээж, аавынхаа үйлийг үргэлжлүүлье, “Хонх” хамтлагийг хүн бүхэн мэддэг болоход өөрөө гар бие оролцъё гэж бодсон. Аавынхаа хамтлагт тоглож, хийж бүтээснийг нь үргэлжлүүлж байгаа гэхээр үнэхээр сайхан санагддаг. Гэхдээ би мундаг сайндаа биш хийж бүтээснийг нь таслахгүй гэж бодсондоо юм.
-"Хонх" хамтлагийн “Хайр минь билээ чи” гэх гайхалтай дууг сүүлийн үед их коверлож дуулдаг болжээ. Мөн кинонууд хүртэл ашигласан байдаг. Энэ дууг ээжид тань зориулсан гэдэг?
-Сүүлийн нэг жилийн хугацаанд Цэнгэлдэхэд хийсэн Rockitbay-тэй хамтарсан тоглолт, уран бүтээлүүдийг нь залуу үед дуулуулж эхэлснээр "Хонх" хамтлагийн сонсогч нэмэгдэж байна. Статистик харахаар хамгийн үе сонсогчтой дуу нь “Хайр минь билээ чи” байдаг. Дараа нь "Алтан хавчаар", "Рашаантын 18" байдаг. Хайр минь билээ чи дууг ээжээс асуусан. Тухайн үед хүний л амьдрал хойно аав ээж хоёр муудалцсан байсан үед энэ дууг аав ээжид зориулж бүтээсэн байсан. Аав минь хайртай хүндээ чин сэтгэлээсээ зориулж дуулсан болохоор энэ дуу хит дуу болсон байх гэж боддог. Мөн өдгөө 30 гаруй жил тасралтгүй эгшиглэж байна. Одоо ч гэсэн миний хамгийн хайртай дуу бол "Хайр минь билээ чи".
-Хонх хамтлаг “Хонхны дуугаар” нийгмийг сэрээж, Ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн. Та энэ дууны талаар юу гэж бодож явдаг вэ?
-Нэг удаа талбай дээр болж байсан жагсаал дээр “Хонхны дуу”-г тавьж байсан. Тэр үед иргэд маш их бухимдаж, "Ардчилсан нам пиар хийж байна, унтраа" гэж орилолдож байсан. Тэр үед би “Хонхны дуу”-ны оюуны өмч дээр чанга ажиллах ёстой юм байна гэж бодсон. Энэ зөвхөн Ардчилсан намыг төлөөлж байгаа дуу биш. “Хонхны дуу” бол ардчилсан эрх чөлөөг хүсэмжилсэн дуу. 1990 онд аав маань Ардчилсан намыг байгуулъя биш Ардчилсан эрх чөлөөг олъё гэж л энэ дууг дуулсан. Аавын дууны үг бүр одоо ч зүрх сэтгэл рүү ордог.
-С.Цогтсайхан агсны хөшөө байдаг шүү дээ. Ямар мэдрэмж төрдөг вэ?
-Манай аавын гэрэлт хөшөө Андуудад байдаг. Би хажуугаар нь өнгөрөх бүртээ ёслоод гардаг. Хааяа очоод ярилцаад суудаг. Ааваа би хичээж байгаа шүү гээд ярилцаад суух сайхан байдаг. Хөшөөтэй тамхилах сайн гэдэг. Заримдаа аавдаа тамхи асаагаад үлдээдэг.
-Та "С.Цогтсайхан сан" байгуулсан. Тус сан цаашид юу хийх вэ?
-Цаашид С.Цогтсайхан сангаа эрчимтэй хөгжүүлж, пянз гаргах төлөвлөгөөтэй байна. Мөн подволка ч юм уу брэнд бүтээгдэхүүн гаргана гэж бодож байна. 2000 оны хүүхдүүд их асуудаг. Тийм болохоор уран бүтээлийг нь чанартай уран бүтээлчтэй хамтарч шинэчилж гаргах бодол байна. 2026 онд оркестртой найруулга хийх бодол бий. Мөн аав минь сэтгүүлч шүү дээ. Аавын маань нийтлэлүүдийг хэн сайн мэдэх вэ ч юм уу уралдааны мөрөөдөл байдаг. Мөн Хонх хамтлагийн тухай баримтат ганц кино хийх бодол тээж явдаг.
-Ярилцсанд баярлалаа.