Өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Онцгой байдлын албаны ой хээрийн түймэртэй тэмцэх, шуурхай арга хэмжээ авахад шаардлагатай тусгай зориулалтын багаж хэрэгсэл, холбоо мэдээллийн тоног төхөөрөмж, туулах чадвар сайтай автомашин, гал түймрийн шалтгаан нөхцөл тогтоох шинжилгээний багажны иж бүрдэл болон гал түймрийг унтраахад орон нутгаас зарцуулсан шатахуун, хоол хүнсний зардалд зориулж 6 тэрбум 700 сая гаруй төгрөгийг тусгай сангийн хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэжээ.
Улсын хэмжээнд энэ он гарсаар 12 аймгийн 65 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 144 удаагийн ой хээрийн гал түймэр гарсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 49,3 хувиар өссөн байгаа юм.
Сангийн сайд Б.Жавхлан "Гал түймрийн аюулыг сөрөн тэмцэж буй онцгой байдлын албан хаагчдын ажиллах нөхцөл бололцоог хангах зайлшгүй шаардлагатай цаг үед Засгийн газраас дэмжиж, хөрөнгө мөнгийг шийдвэрлүүлж чадлаа. Мөн цаашид онцгой байгууллагын салбар нэгжийг стандартад нийцүүлж нэмэгдүүлэх, тусгай зориулалтын хувцас, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг шинэчлэн сайжруулахад шаардагдах санхүүжилтийг 2026 оноос эхлэн жил бүр улсын төсөвт тусгах, нисдэг тэрэг, туулах чадвар сайтай автомашин зэрэг техникийн хангалтыг зээл тусламж, төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр шийдвэрлэх асуудлыг судлахаар боллоо" гэв.