Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан нарын 40 гишүүнээс 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурал 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа эцэслэн баталж, тус өдрөөс эхлэн хууль хэрэгжиж эхлээд байна.
Энэ хуулийн өөрчлөлтөөр Тулгар төр байгуулагдсаны ой, Их Монгол Улс байгуулагдсаны ой, үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Ардын хувьсгал, Ардчилсан хувьсгалын ойн баярыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэх зохицуулалтыг Үндэсний их баяр наадмын тухай хуульд тусгасан юм.
Монгол Улсын төрт ёсны түүхэнд чухал ач холбогдол бүхий Тулгар төр байгуулагдсаны болон Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Ардчилсан хувьсгалын ойн баяруудыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэх асуудлыг хуульчилснаар Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүхэн уламжлалыг бүрэн илэрхийлж, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлэх боломжийг бүрдүүлнэ гэж хууль санаачлагчид үзсэн гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.