Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут өнөөдөр /2025.07.07/ Батлан хамгаалах салбарыг нэгэн цагт удирдаж явсан үе үеийн сайд, дарга нарын төлөөллийг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
Батлан хамгаалахын сайд Д.Батлут “Үе үеийн сайд, дарга нар маань алсын хараагаа оновчтой тодорхойлж, нягт уялдаа холбоотой ажиллаж ирсний үр дүнд Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн олон улсын цэрэг-улс төр, аюулгүй байдлын ээдрээтэй өнөө үед “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдлыг хангах, хамгаалах зорилго бүхий улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, цэргийн цогц арга хэмжээ”-г амжилттай хэрэгжүүлсээр ирсэн билээ.
Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин маань эрх зүйн хувьд ч, зэвсэг, техникийн хувьд ч шинэчлэлт хийж, гадаад харилцаагаа тэлж, энхийг дэмжих ажиллагаан дахь оролцоогоо нэмэгдүүлж, ажилтан алба хаагчдын нийгмийн хамгааллын асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхийн зэрэгцээ Монгол цэргүүд газрын тос боловсруулах үйлдвэр, төмөр зам, авто зам зэрэг эх орны өнцөг булан бүрд өрнөж буй их бүтээн байгуулалтад гар бие оролцсоор өдийг хүрлээ.
Миний бие Батлан хамгаалахын сайдаар ажиллах хугацаандаа олон улсын цэрэг-улс төрийн болон геостратегийн нөхцөлд байдалтай уялдуулан Монгол Улсын урт, дунд хугацааны бодлого, төлөвлөлтийн баримт бичигт батлан хамгаалах талаар туссан зорилго, зорилтыг амжилттай хангахад “Би биш Бид” зарчмыг мөрдлөг болгон эрхэм болгон ажиллана" гэв.