Тусгаарлагдсан зарим иргэд хоол, боорцог өгсөн ажилтны нүүр рүү шидсэн тохиолдол гаргажээ

Тусгаарлагдсан зарим иргэд хоол, боорцог өгсөн ажилтны нүүр рүү шидсэн тохиолдол гаргажээ

Коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд Монгол Улсаас эхлэлтэй олон улсын бүх нислэгийг түр хугацаанд зогсоосон. Үүнтэй холбоотойгоор гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас БНСУ, Япон Улс болон Европын улсуудад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг Сөүл, Токио, Москва, Берлин, Истанбул хотоор дамжуулан татан авсан билээ. 

Тэгвэл энэхүү тусгай нислэгээр ирсэн иргэдийг 14 хоногийн хугацаатай тусгаарлаад байгаа юм. Иймд тусгаарлагдаад байгаа иргэдийн зүгээс ямар хүндрэл, бэрхшээл гарч байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Өдрийн сонин”-ны өнөөдрийн дугаарт дараах ярилцлагыг өгчээ. Тэрээр “Улаанбаатар хотод байгаа тусгаарлах байрны иргэдийн санал гомдол ерөнхийдөө жигдэрсэн. Эхэндээ байр хүйтэн байна гэсэн гомдол гарч байлаа. Хоол идэхгүй байна, хоол хийгээд боорцог өгөхөд нь нүүр рүү шидсэн тохиолдол хүртэл гарсан. Маш хүндрэлтэй байсан. Оюутнууд маань залуу хүүхдүүд учраас хөдөлгөөн ихтэй, тусгаарлах байрны дэг журам сахихгүй, дамжин өнгөрөх байранд олон цаг байлгалаа гэдэг ч юм уу асуудал байна. 

Варень түрхээд өгсөн талхыг идэхгүй гээд шидсэн тохиолдол ч байна. Энэ мэтчилэн асуудал их гарсан. Энэ бүхэнд манайхаас гадна цагдаагийн байгууллагаас хяналт тавьж ажиллаж байгаа. Зарим тохиолдолд бид эцэг, эхчүүдэд хүүхдэдээ анхаарал тавьж ойлгуулж хэлэхийг хүртэл мэдээлэл хийхдээ зөвлөж байна. 

Одоо овоо жигдэрч байна. Тусгаарлалтын эхэнд иргэдийн зүгээс иймэрхүү асуудлыг гаргаж байгаад хоёр гурав хоногоос дасаад ирэхээрээ арай өөр болж төрийн зүгээс хийж буй ажлыг ойлгож хүндэтгэх хандлага ажиглагддаг. Одоо бол хоол, байрны дулаантай холбоотой асуудал гарахгүй байгаа” гэжээ.