Цэдэндоржийн Энхбаяр Монгол Улсын Гавьяат Барилгачин цол хүртлээ

Цэдэндоржийн Энхбаяр Монгол Улсын Гавьяат Барилгачин цол хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Цэдэндоржийн Энхбаярыг Монгол Улсын Гавьяат Барилгачин цолоор шагналаа. Ц.Энхбаяр нь хот байгуулалт, барилга, дэд бүтэц, орон сууцны салбарт 40 гаруй жилийн турш манлайлан ажиллаж, улс орны барилгын салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан нэр хүндтэй мэргэжилтэн, удирдагч юм.

Тэрээр ОХУ-д Барилгын бүтээцийн Инженер мэргэжлийг эзэмшиж улмаар Улаанбаатар хот, Дархан, Дорнод, Өмнөговь, Баянхонгор , Хэнтий, Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл зэрэг томоохон бүс нутгийн нийт 40 гаруй барилга байгууламжийн зураг төслийг боловсруулах, 30 гаруй барилгын зураг төслийн ерөнхий инженерээр ажиллаж, 100 гаруй томоохон барилга байгууламжийн зураг төсөлд улсын экспертиз хийх ажлыг зохион байгуулсан, зах зээлийн шилжилтийн үед барилгын салбарын бодлого, удирдлага зохион байгуулалтыг бэхжүүлж мэргэжлийн стандартыг тогтооход үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Ц.Энхбаяр нь "Орон сууцны тухай хууль", "Орон сууц хувьчлах тухай хууль", "Дундын өмчлөлийн орон сууцны тухай хууль",  "Төрөөс орон сууцны талаар баримтлах бодлого" зэрэг бодлогын чухал баримт бичгүүдийг боловсруулах, батлуулахад голлох үүрэгтэй оролцсон нь салбарын хөгжилд шийдвэрлэх ач холбогдолтой байв.

Тэрээр 2000-аад оноос эхлэн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр "Орон сууцны салбарын санхүүжилт" төслийг удирдан Монгол Улсад анх удаа орон сууцны ипотекийн зээлийн тогтолцоог зах зээлийн зарчимд нийцүүлэн нэвтрүүлсэн юм. Үүний үр дүнд ипотекийн санхүүжилтийн тогтвортой, урт хугацааны зээлийн шинэ хэлбэрийг бий болгож, орон сууцны хүртээмжийг эрс нэмэгдүүлсэн.

2007 оноос Монголын Ипотекийн корпорацийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж, энэ хугацаанд 30 гаруй дүрэм журам боловсруулж, мөн “Үл хөдлөх барьцааны тухай хууль”, “Үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль” зэрэг эрх зүйн шинэчлэлтийг удирдан хэрэгжүүлсэн. Эдгээр ажлууд нь өнөөгийн Монгол Улсын орон сууцны санхүүжилтийн тогтолцооны суурийг тавьсан чухал алхмууд болжээ.