ЭМЯ: Хуурамч вакцин, эм, оношлуур сурталчилж байна

ЭМЯ: Хуурамч вакцин, эм, оношлуур сурталчилж байна

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр COVID-19 халдварын ДЭМБ-аас өгсөн мэдээллийг ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа танилцуулав.

Тэрбээр "Сүүлийн 24 цагт халдвар АНУ-д 13 дахин, Италид дөрөв дахин, Испани 10 дахин, Францад 15 дахин нэмэгджээ. Хүн амын дундах нас баралтын хувиар Итали улс хамгийн өндөр үзүүлэлттэй буюу 11 хувьтай байна.

БНХАУ-д шинээр 55 шинж тэмдэггүй тохиолдол бүртгэгдсэнээс 17 нь гаднаас зөөвөрлөгджээ. Тус улс тусгай үүргийн онгоцоор Их Британи улсаас 15 мянган сурагчийг эх орондоо авчрах болсон.

БНСУ-д өдөрт 100 орчим тохиолдол бүртгэгдэж байгаагийн ихэнх нь битүү хаалттай орчинд бүртгэгдсэн халдвар юм. Австрали, Вьетнам, Камбож зэрэг улсуудад халдвар нэмэгдэж байгаа бөгөөд мөн ихэнх нь зөөвөрлөгдсөн байна.

COVID-19 халдвартай холбоотойгоор эм, эмнэлгийн хэрэгсэл , оношлуур, вакцины хэрэгцээг хуурамчаар зах зээлд борлуулах, сурталчлах явдал зах зээлд нэлээд нэмэгджээ.

ДЭМБ-аас хуурамч оношлуурын олон мэдээлэл хүлээж авч буй бөгөөд одоогоор БНХАУ, Канад, ОХУ, Бразил, БНСУ, АНУ-д түргэвчилсэн зохицуулалтын үнэлгээнд үндэслэн COVID-19-ийн оношлуурыг албан ёсоор бүртгүүлээд байна.

Тус өвчний эсрэг вакцины 50 гаруй, эмийн бодисын олон туршилтууд хурдан явагдаж байна. Одоогоор вакцин гараагүй байгаа энэ үед хуурамч вакцин сурталчлах нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байна.

ДЭМБ-аас Эрүүл мэндийн байгууллага, ханган нийлүүлэгчийг олон нийтэд зөв мэдээлэл өгөхийг хүссэн бөгөөд хэрэглэгчид албан байгууллагаас мэдээлэл авах хэрэгтэй. Ийм тохиолдлыг нэн даруй ДЭМБ-д мэдээлэхийг анхааруулж байна” гэлээ.




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө