ЭЕШ-ын онлайн бүртгэл дөрөвдүгээр сарын 15-нд дуусна

ЭЕШ-ын онлайн бүртгэл дөрөвдүгээр сарын 15-нд дуусна

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх шалгуулагчдын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2020 оны хоёрдугаар сарын 10-ны 09.00 цагт эхэлсэн. Тэгвэл онлайн бүртгэл дөрөвдүгээр сарын 15-ны 18.00 цагт дуусах юм байна. Мөн бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй.

Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ “Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жилийн бүртгэлийн явц тааруу байгаа. Мэдээж энэ нь танхимын сургалт яваагүйтэй холбоотой байх.

Шалгуулагчдын дунд Элсэлтийн ерөнхий шалгалтын хугацаа хойшилсон юм чинь бүртгэл нь бас хойшилно гэж бодож байж магадгүй. Бүртгэл яг дөрөвдүгээр сарын 15-ндаа хаана. Яагаад бүртгэлийг хугацааг сунгахгүй вэ гэхээр Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн шалгуулагч бүртээ тулж ажиллана.

Жишээлбэл, Монгол Улсын хил дээр 2400 орчим сурагч байгаагаас төгсөх ангийн 74 сурагч байна. Эдгээр сурагчдад Хил хамгаалах ерөнхий газрын холбооны ангитай хамтран мэдээллийг хүргэхээр ажиллаж байна” гэсэн юм.

Энэ жил төгсөх ангийн сурагчдад зориулж ахлах ангийн сургалтын хөтөлбөр агуулгын дагуу бэлтгэсэн теле хичээл, Элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан теле хичээл, LIVE хичээл, видео зөвлөмж зааврууд, “Цахим зөвлөх” портал сайт, суралцагч нэг бүрт хүрэх гарын авлага (ном&DVD)-ыг бэлтгэн ирэх долоо хоногоос тараана гэдгийг холбогдох албаныхан хэллээ.