ЭМЯ: Эрдэмтэд IV, V сард өвчлөл оргил үедээ хүрнэ гэсэн таамаглал гаргасан байна

ЭМЯ: Эрдэмтэд IV, V сард өвчлөл оргил үедээ хүрнэ гэсэн таамаглал гаргасан байна

ЭМЯ коронавирусийн халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.Манай улсад коронавирусийн халдварын нийт 16 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүнээс дөрөв тохиолдол нь эдгэн  эмнэлгээс гарчээ. Мөн өчигдөр /2020.04.11/ Алтанбулагийн боомтоор орж ирсэн 1697 хүн ажиглалтад байгаа юм байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: “2020 оны дөрөвдүгээр сарын 10-нд 108 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 99 хүн багтсан. Харин үлдсэн есөн шинжилгээг тандалтын зорилгоор хийсэн. Өчигдөр Алтанбулагийн боомтоор ирсэн 282 иргэний 169 нь Улаанбаатар хотод, 111 хүн Дарханд,  хоёр хүн Сэлэнгэд тусгаарлагдсан. Мөн ХӨСҮТ-д 20 хүнийг тусгаарласан ба өнөөдөр шинжилгээ хийнэ” гэлээ.

Мөн дэлхийн улс орнуудын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Япон улсад өвчлөл өндөр байна. БНСУ-д 32 шинэ тохиолдол бүртгэгдсний 12 нь гадны орноос зөөвөрлөгдөн орж ирсэн байна. ОХУ-д 24 цагийн дотор 1,667 хүн шинээр коронавирусээр өвчилсөн.

106 хүн нас барсан. Улаан-Үдэд 61 хүн өвдөж, нэг хүн нас барсан. Москва хотын оршин суугчид ирэх долоо хоногоос эхлэн гэрээсээ гарах бол заавал зөвшөөрлийн бичигтэй байхаар болжээ. Эрдэмтэд 4,5 сард өвчлөл оргил үедээ хүрнэ гэсэн таамаглал гаргасан байна" гэв.

Мөн дэлхийн даяар халдвар авсан нийт хүмүүсийн 10 гаруй хувь нь эмнэлгийн ажилчид байгаа тул иргэдийг аль болох эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхгүй байхыг анхаарууллаа.