Л.Галбадрах: Охиныхоо шарил дээр очиж уйлж, шаналж байгаад ирсэн

Л.Галбадрах: Охиныхоо шарил дээр очиж уйлж, шаналж байгаад ирсэн

-УХААН ОРСНЫХОО ДАРАА ОХИНОО НАС БАРСНЫГ МЭДЭЭД
МАШ ИХ ХЯМАРЧ УЙЛСАН-

34 настай цэл залуухан У эмэгтэй 50 метр зайг ганцаараа алхаж барахгүй, бусдад өөрийгөө илэрхийлэх хүсэлгүй болтлоо бие болон сэтгэл зүйн гүн хямралд оржээ. Одоогоос зургаан сарын өмнө эмч нар түүний амьдрах магадлалыг тавхан хувь гэж хэлж байлаа.  Гэвч тэрбээр зургаан сарын хугацаанд олон хүнд хагалгаа, эмчилгээний ард гарч өнөөдөр хөл дээрээ босохоор тэмүүлж байна. Хөгшин эцэг, эх нь ч хамт хичээн зүтгэж, охиноо арчилж, тойлох, эмнэж, гамнах бүхий л ажлыг цаг алдалгүй хийсээр.

ЗУРГААН САРЫН ӨМНӨ ЮУ БОЛОВ: Өнгөрсөн аравдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлах гэртээ У бүсгүй угаартаж маш хүнд хордсон юм. Хамгийн харамсалтай нь угаарын хийд түүнтэй хамт гурван настай охин нь хордож, насан эцэслэсэн.

Тухайн үед У бүсгүйн аав Л.Галбадрах бидэнд өгсөн ярилцлагадаа “Би тав дахь өдрийн орой зээ охиноо цэцэрлэгээс нь аваад гэртээ байлгаж байсан. Ээж нь шөнө 10 орчим цагийн үед ирж охиноо аваад гэр рүү гээ явсан. Ингээд би хагассайны өглөө 10.00 цагт манайд ирэхгүй байхаар нь охиныхоо гэр лүү очсон. Очоод хаалгыг нь удаан нүдсэн ч тайлахгүй байсан. Мөн цонхыг нь тогшоод ч тайлаагүй. Тэгэхээр нь гэр лүүгээ гүйж ороод хүүгээ дуудаад арын цонхыг нь эвдэж орсон. Гэтэл миний охин дөнгөж нэг амьтай, голтой. Харин зээ охин минь аль хэдийнэ нас бараад гар хөл нь хөшсөн байсан. Тэгээд би амьсгал хураасан охиноо юмаар хучиж цааш нь тавьчихаад түргэн дуудаад эмнэлэгт хүргэсэн. Миний зээ охин ээжийнхээ өвөрт харамсалтайгаар нас барсан” гэж ярьж байв.

Түүнийг үхэлтэй тэмцэлдэн ухаан орж чадахгүй Хордлогын үндэсний төвд байх зуурт охиныг нь хөдөөлүүлж байсан нь өр өвдмөөр. Бүсгүй охиноо нас барсныг ч мэдээгүй. Ухаан орсныхоо дараа охиноо асуухад бүх зүйл оройтсон байлаа. Нас барсныг мэдээд маш их уйлж, шаналсан байна. Саяхан охиныхоо шарил дээр очиж мөн хэсэг уйлж авч, сэтгэлээ онгойлгожээ.

Түүнээс хойш тэрбээр Гэмтэл, согог судлалын үндэсний төвд урт хугацааны эмчилгээ хийлгэж хөлний булчингийн мах авахуулах, дөрвөн мөч мэдээ оруулах зэрэг эмчилгээ хагалгааг хийлгэжээ. Тэнд байхдаа тэрбээр хүнд, хөнгөнөөр бие засч, хөл дээрээ алхаж чадахгүй маш хүнд байдалтай байсныг аав нь ярьж байна. Угаарт хордсоны дараа түүний шээс тас хар өнгөтэй гарч байжээ.

Ингээд Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс гараад дүүргийн эрүүл мэндийн төв, мэдрэлийн сайн гэсэн бүхий л хувийн эмнэлэгт эмчилгээ, сувилгаа хийжээ. Эмч  нар У бүсгүйг эрүүл саруул болохын тулд физик болон нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх, хөл, гараа сайн хөдөлгөх ёстой гэсэн зөвлөгөөг өгчээ. Үүнээс өөр ямар ч эмчилгээ түүнд тус болохүй.

Тиймээс эмч нарын зөвлөгөөг дагаж хөдөлгөөн хийх ядаж ганцаараа хэсэг газарт алхахыг хичээж байгаа боловч хөл нь зулгарч идээлээд хүндрэлтэй байгаа талаар бидэнд ярилаа.

ТЭР ЮУНД ХОРДОВ: У бүсгүй зуухандаа сайжруулсан шахмал хийгээд унтсан байлаа. Гэвч өглөө энгэрт нь наалдаад унтсан бяцхан охин нь сэрсэнгүй. Харин өөрөө өнөөдөр бие болон сэтгэл зүйн хүнд байдалтай байна. Тэдний зуух, яндан бүв бүтэн элдэв эвдрэлгүй байсныг энд дурдах ёстой.

-ЗАСГИЙН ГАЗАР, ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ КОМПАНИЙГ УУЧЛАЛТ
ГУЙЧИХ БОЛОВ УУ ГЭЭД ОДОО Ч ГОРЬДСООР БАЙНА-

Бид У бүсгүйн аав Д.Галбадрахтай уулзаж, ярилцлаа.

-Одоогоор охины тань биеийн байдал ямар байна вэ?

-Манай охины баруун хөлний шагайнаас доош мэдрэлгүй байна. Тийм учраас алхахад хүндрэлтэй байна. Ганцаараа алхахаар уначих гээд байгаа учир дэргэд нь байнга хүн хөтлөх, дэмнэх шаардлагатай байгаа.  Угаартсанаасаа хойш маш олон эмнэлгээр явсан. Хордлогын үндэсний төв шаардлагатай бүхий л эмчилгээг миний охинд хийсэн. Олон сар ухаангүй хэвтсэний улмаас хөл нь маш их хавдсан. Тийм учраас тэр хөлөнд нь хагалгаа хийсэн. Хагалгааг ГССҮТ-д хийлгэсэн. Мөн нөхөн сэргээх эмчилгээг их хийлгэсэн. Эхлээд дөрвөн мөч нь мэдээгүй байсан. Аажим, аажмаар мэдээ орсон ч одоо нэг хөлний мэдрэл дутуу орсон байна. 

-Хүнтэй харилцаж, ойлголцоход хүндрэлтэй байгаа гэсэн үү?

-Манай охин өмнө нь инээж хөхөрсөн, их нээлттэй харилцаатай хүн байсан. Зан аашны хувьд илэн, далангуй байв. Харин одоо маш дуугүй, гөлийсөн л хүн болсон. Өмнөх зүйлээ санахгүй байгаа.

-Та өөрийнхөө насаараа амьдарсан байшингаа охиндоо өвлүүлсэн юм байна лээ. Тэгэхээр та бүхэн тэр байшинд маш олон жилийн хугацаанд гал түлж амьдарсан байна. Гэтэл энэ жил сайжруулсан шахмал түлш түлээд л ийм харамсалтай үйл явдал болчихлоо шүү дээ?

-1981 онд тухайн байшинд нүүж ирсэн. Ажилд ороод удаагүй байсан. Миний охин ч энэ байшинд төрж өссөн. 1981 оноос хойш амьдарч байгаад 15 жилийн өмнө охиндоо шилжүүлээд өгсөн юм. Өөрөө гэрийнх нь ард нэг жижиг байшин бариад амьдарч байсан. Өмнө нь бид нүүрсийг түлдэг л байсан. Угаарталгүй яваад ирсэн. Энэ жил чухам сайжруулсан түлш гаргасан “Ав, түл” гээд байхаар нь хэрэглэтэл ийм харамсалтай үйл явдал манай гэр бүлд тохиолоо. Гурван настай зээ охиноо алдлаа. Эрүүл, саруул явсан охин минь өрөөл татанхай болсонд маш их харамсаж байна.

Засаг төр тэр дуу, шуу гаргадаг юм аа /угаарын хий мэдрэгч/ тарааж өгсний дараа сайжруулсан түлшээ зарахгүй яасан юм. Хэрвээ ингэсэн бол хэнийг ч буруутгахгүй. Тэгээгүй байж “Бүх төрлийн зууханд түлж болно. Аваад байгаарай” л гэсэн. Эцэст нь ийм юм боллоо. Ядаж эхлээд сэрэмжлүүлэгээ хүргэх байсан.

-Таны охин У ийн хувьд ямар мэргэжилтэй хүн бэ. Угаартахаас өмнө ямар ажил эрхэлж байв?

-Кино урлагийн дээд сургуулийн жүжигчний ангийг төгссөн. Угаартахаасаа өмнө гоо сайханы салбарт ажилладаг байсан.

-Танай гэр бүлд тохиолдсон хүндхэн үйл явдлын дараа төр төлөөлж хэн нэгэн ирж та бүхэнтэй уулзсан уу. Сэтгэлийн болон бусад зүйлээр дэмжлэг үзүүлсэн үү?

-Хотын дарга С.Амарсайхантай нэг хурал дээр таарахад надтай гар бариад уучлалт гуйсан. Дараа нь хоёр орлогч нь ирж 18 сая төгрөг өгсөн. Ажил явдалд зарцуулаарай гэж 10 сая төгрөг, охиныхоо эмчилгээнд хэрэглэ гэж 8 сая төгрөг өгсөн юм. У. Хүрэлсүхийн Засгийн газар болон Тавантолгой түлш компаниас хэн ч ирж уулзаагүй. Хүний урманд уучлалт гуйж болно доо. Би уучлалт гуйчих болов уу гэж одоо ч горьдож сууна.

-Та бүхэн хууль хяналтын байгууллагад гомдол мэдүүлсэн гэсэн. Энэ ажил аль шатандаа явж байна?

-Цагдаагийн газраас өөрсдөө шалгаж байгаа. Харин би шүүхэд нэхэмжлэх гаргасан. Манай гэр бүлээс уучлалт гуйхыг шаардаж байгаа.

-Харамсалтай үйл явдлаас хойш танай бүлийн гишүүдийн биеийн байдал, сэтгэл санаа ямаршуухан байна?

-Бүрхэг өдөр шиг байна. Зээ охиныгоо санаад маш хэцүү байна. Нас барахынх нь өмнөх өдөр би цэцэрлэгээс нь авсан юм. Миний охины том хүү 14 настай.  11 жилийн дараа хүсч олсон охиноо алдчихлаа. Хаа нэг харахаад уйлчихсан сууж байдаг юм. Охиноо л санадаг байх. Сая ханш нээх өдөр охиных нь оршуулсан газарт аваачсан. Уйлж, шаналж байгаад л ирсэн.

-Гадаад руу эмчилгээнд явуулах талаар судалж үзэв үү?

-Судалж үзэж байна. Гэхдээ маш их хэмжээний зардал гарах юм шиг байна лээ. Зарах бүх зүйлээ зараад яаж, ийж байгаад энэ охиноо хөл дээрээ босгомоор байна. Охиноо эрүүл болгочихвол өөр хүсэх зүйлгүй.

ЯРИЛЦСАНД МАШ ИХ БАЯРЛАЛАА.