Иргэд өөрсдийн хүсэлтээр ХӨСҮТ-д шинжилгээ хийлгэж болно

Иргэд өөрсдийн хүсэлтээр ХӨСҮТ-д шинжилгээ хийлгэж болно

Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас хийсэн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү коронавирусийн түргэвчилсэн оношлуурын талаар мэдээлэл өглөө.

-ИРГЭД ХҮСВЭЛ ШИНЖИЛГЭЭНИЙ СОРЬЦОО ХӨСҮТ-Д АВААЧИЖ ШИНЖЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ-

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр шинжилгээ өгөх хүмүүсийн шинжилгээг авах чиг үүрэг өгсний дагуу ХӨСҮТ-д нэмэлтээр нэг лабораторийн шугам нээгдээд буй.

Энэхүү нэмэлт лабараторид Өмнөд Солонгосын ЭСЯ, Хятадын ЭСЯ-наас өгсөн оношлуураар шинжилгээ хийх аж. Тиймээс тус лабараторид зарим хүний хүсэлтийг үндэслэн коронавирус илрүүлэх шинжилгээ авах боломжтой болжээ.

Энэ талаар Д.Нямхүү “Иргэд өөрийгөө шинжилгээ өгөх шаардлагатай гэж үзэж байгаа бол ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн хэсэгт шинжилгээ өгөх хүсэлтээ тавихад сорьц авч, шинжилж өгнө. Дэлхий дахинаа аймшигтай юм болж байгаа энэ үед шинжилгээ өгөхөд үнэ төлбөр байхгүй. Бүр болохгүй бол холбогдох утсаар дуудаж, шинжилгээ өгч болно" гэв.

-ХУВИЙН ЭМНЭЛЭГҮҮД ТҮРГЭВЧИЛСЭН ОНОШЛУУРЫН ХАРИУГ НЬ ЭХЛЭЭД ХӨСҮТ-Д МЭДЭГДЭХ ХЭРЭГТЭЙ-

Түргэвчилсэн оношлуураар коронавирусийг илрүүлэх шинжилгээ хийхийг ДЭМБ-аас одоохондоо зөвлөмж болгоогүй, эцсийн шинжилгээний дүн биш ч урьдчилсан байдлаар эрсдлээс сэргийлэх ач холбогдолтой гэдгийг мэргэжлийн байгууллага тайлбарладаг.

Улаанбаатар хот дахь томоохон эмнэлгүүдэд одоогоор түргэвчилсэн оношлуур байхгүй аж. Энэ талаар Д.Нямхүү “Хувийн эмнэлгүүд иргэдийг түргэвчилсэн оношлуураар оношлох нь чөлөөтэй. Ингэх нь сайн хэрэг учраас бид хорихгүй.

Гэхдээ түргэвчилсэн оношлуураар оношлоод, эерэг гарсан тохиолдолд бидэнд эхлээд мэдэгдэх хэрэгтэй.

Ингэснээр бид нарийн шинжилж байж нийтэд мэдээлэх ёстой. Тэгэхгүй бол Сонгдо эмнэлэг дээр болсон тохиолдол шиг улс орноороо сандарч, бужигнана.Түргэвчилсэн оношлуур бол чимээ өгч байгаа хэрэг болохоос шинжилгээний эцсийн хариу биш" гэлээ.