Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр (2026.06.09) гаргасан мэдээллээр улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15,375 болжээ.
Нийт батлагдсан тохиолдлын 12,290 нь нийслэлд, 3,085 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Өвчний улмаас 20 хүн нас барсан бол сүүлийн 24 цагийн хугацаанд нас баралт бүртгэгдээгүй байна. Харин өнгөрсөн хоногт улаанбурханы 11 шинэ тохиолдол батлагдсанаас ес нь нийслэлд, хоёр нь орон нутагт бүртгэгджээ. Мөн таван тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн байна.
Одоогоор 76 хүн эмчилгээ хийлгэж байгаагаас 58 нь эмнэлэгт, 18 нь гэрээр эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 40 нь дунд, хоёр нь хүнд зэрэгтэй байгаа бол орон нутагт эмчлүүлж буй 16 хүний долоо нь хөнгөн, долоо нь дунд, хоёр нь хүнд зэрэгтэй байна.
