Хэнтий аймагт 2020 онд ашиглалтад орсон, 1.3 тэрбум төгрөгийн өртөгтэй 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулснаас хойш дулаан алдалт үүсэж, ханын хийц нь гэмтсэн тул энэ онд 523 сая төгрөгөөр их засвар хийхээр болжээ.
Уг барилга 2020 оны аравдугаар сарын 10-нд ашиглалтад орсон бөгөөд эхний өвлөөсөө их хэмжээний дулаан алдаж, анги танхимд агаар сийгэх асуудал гарсан талаар цэцэрлэгийн хамт олон мэдээлсэн байна. Мөн барилгын зүүн хойд хэсгийн тоосго бутарч унах, дээврийн орчимд ан цав үүсэх зэрэг гэмтэл илэрчээ. Цэцэрлэгийн удирдлагууд дээрх асуудлыг удаа дараа гүйцэтгэгч компанид мэдэгдсэн бөгөөд компани гурван удаа очиж засвар, сайжруулалтын ажил хийсэн ч асуудал бүрэн шийдэгдээгүй аж. Улмаар цэцэрлэгийн удирдлагууд аймаг, орон нутгийн удирдлагад дахин дахин хандсаны үр дүнд энэ онд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 523 сая төгрөгийн хөрөнгөөр барилгын дулаалга, гадна фасад болон цонхыг бүрэн шинэчлэхээр болж, засварын ажил эхлээд байна.


Эх сурвалж: Хэнтийн мэдээ сонин