Эх нутаг утга зохиол, өв соёлын олон улсын арга хэмжээ Монголд болно

Эх нутаг утга зохиол, өв соёлын олон улсын арга хэмжээ Монголд болно

Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулан Дэлхийн Монгол туургатны "Нүүдэлчдийн өв соёл" нэгдсэн холбооноос "Эх нутаг" олон улсын арга хэмжээг ирэх наймдугаар сард Монгол Улсад зохион байгуулахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

Дэлхий даяар тархан суурьшсан монгол туургатнууд болон АНУ, ОХУ, БНХАУ, Египет, Сири, Япон зэрэг 9 орны урлаг, утга зохиолын зүтгэлтнүүд, өв тээгчид хүрэлцэн ирж, энэхүү арга хэмжээнд оролцохоо мэдэгдээд байгаа билээ. Манай холбоо нь: Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 117 жилийн ойд зориулан 2023 оны 11 дүгээр сарын 04-07-ны өдрүүдэд “Монголдугаар зуун” монгол туургатны яруу найргийн анхдугаар их наадмыг Багануур дүүрэгт зохион байгуулж байлаа.

Мөн Их зохиолчийн мэндэлсний 118 жилийн ойд зориулан 2024 оны 10 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд “Эрээн хот - Дэлхийн хот” яруу найргийн олон улсын наадмыг БНХАУ-ын Эрээн хотод зохион байгуулсан. Түүнчлэн Их зохиолчийн мэндэлсний 119 жилийн ойд зориулан 2025 оны зургаадугаар сарын 24-28-ны өдрүүдэд “Халимагийн дуулал” яруу найргийн олон улсын наадмыг ОХУ-ын БНХалимаг улсад, 2025 оны долоодугаар сарын 02-04-ний өдрүүдэд “Байгалийн цэнхэр долгион” яруу найргийн олон улсын наадмыг ОХУ-ын БНБуриад улсад амжилттай зохион байгуулсан билээ. Энэ удаагийн олон улсын арга хэмжээг 2026 оны наймдугаар сарын 16-наас 20-ны өдрүүдэд Монголдоо зохион байгуулна. Арга хэмжээний бэлтгэл ажил одоогоор 80 орчим хувьтай явагдаж байна.