БНСУ-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг иргэд өөрийн хэлээр өгөх боломж бүрдлээ

БНСУ-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг иргэд өөрийн хэлээр өгөх боломж бүрдлээ

Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний цагдаагийн газрын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын товчооны Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа И Ёнг Кван тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газарт ажлын айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газар болон БНСУ-ын Үндэсний цагдаагийн газар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг хоёр улсын иргэд өөрийн үндэсний хэлээр өгөх боломжийг бүрдүүлэх, харилцан хэлний дэмжлэг үзүүлэх тухай тохиролцоонд гарын үсэг зурлаа.

Баримт бичигт Монголын талаас Цагдаагийн ерөнхий газрын Зөвшөөрөл, үйлчилгээний төвийн дарга, цагдаагийн хурандаа Д.Наранбаатар, БНСУ-ын талаас Үндэсний цагдаагийн газрын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын товчооны Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа И Ёнг Кван гарын үсэг зурсан байна.

Ингэснээр Монгол, БНСУ-ын иргэд жолоодох эрхийн онолын дүрмийн шалгалтыг өөрийн эх хэлээр өгөх боломжтой болж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, жолооч нарын мэдлэг, ур чадвар, замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний хүртээмж, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.